АН-ын удирдах ажилтнууд буюу аймаг, дүүргийн намын дарга нарын уулзалт өнөөдөр “Пума-империал” зочид буудалд болж байна. Уулзалтаар намын дотоод асуудлыг ярилцаж байгаа бөгөөд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар дөнгөж сая шуурхай мэдээлэл хийлээ.

Тэрбээр “өнөөдөр АН-ын Удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж байна. Энэхүү зөвлөгөөн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, ИХ-ын дарга, дүүргийн намын дарга нар гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж байна. Хуралдаанаар бид өнгөрсөн хугацаанд хийсэн ажилдаа үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид хийх ажлынхаа талаар харилцан яриалцаж байна” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-Өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээсэн ажлаа дүгнэж байгаа гэлээ. Эрх баригч намын хувьд хийсэн ажлууд хэр үр дүнтэй байсан гэж харж байгаа вэ?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уул уурхайн түүхий эдийн үнэ унасан. Эдийн засгийн хувьд нэлээд амаргүй он жилүүд байлаа. Гэсэн хэдий ч АН өөрийн “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийнхөө 2016 он хүртлэх ажлыг амжилттай сайн хэрэгжүүлсэн байна. Одоогийн байдлаар манай энэхүү мөрийн хөтөлбөр 85 хувьтай явж байгаа.

Өнгөрсөн хугацаанд бид ипотекийн зээлээр 75 мянган өрхийг орон сууцанд оруулсан, III, IV станцад өргөтгөл хийсэн, Амгалангийн дулааны цахилгаан станцыг барьсан, долоон аймгийн авто замаар холбосон, 1084 үйлдвэрт төслийн зээл олгож, эдийн засгийг дэмжсэн зэрэг томоохон амжилтуудыг нэрлэж болхоор байна.

Түүнчлэн нийслэлд 26 уулзварыг өргөтгөж, заслаа, Улаанбаатар хотын гэр хорооллыг байшин хороолол болгох дахин төлөвлөлтийг эхлэлийг тавьсан гээд олон зүйлийг дурьдаж болохоор байна.

-МАН-ынхан хоёр долоо хоногийн хугацаанд ажил хаялт зарласан бөгөөд Сонгуулийн хуулийг хэлэлцэх ёстой, хар машинд хяналтын тооллого хийх ёстой гэж үзсэн. Тэгвэл өчигдөр МАН-тай Сонгуулийн хуулиар тохиролцоонд хүрсэнтэй гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулаач?
-Одоогоор энэ талаар урьдчилсан байдлаар ярилцаж байгаа. Өчигдөр бид өнөөдрийн болж байгаа хурлын бэлтгэл хангаад, удирдлагууд хоорондоо хэрхэн ярилцсан талаар тодорхой мэдээлэл хараахан аваагүй байна. Хэвлэл мэдээллийн хурьд аймшгийн болчихсон, надаас дүрүүлээд мэдээлэл аваад байгаа.

Ер нь манай нам сонгуулын саналыг хар машинаар тоолох байр сууриасаа ухрахгүй. Хар машинаар тоолохоо болих гэдэг нь иргэдийг гар утас хэрэглэхээ болио гэсэнтэй утга нэг зүйл. Тиймээс нэг алхам ухрах асуудал хийхгүй.

Эх сурвалж: www.mminfo.mn

Ж.Отгон