Манай улсад улс төрийн соёл, ёс зүй гээч зүйл яахын аргагүй дутагдаж байгаагийн тод жишээг МАХН-ын тодотголтой, ЭМСЯ-ны сайдыг түр орлож байгаа Ц.Оюунбаатар харууллаа гэж зарим иргэд ярьж сууна. Энэ бүхэн үнэний ортой. Учир нь улс төрийн үйл ажиллагаа тэр дундаа төрийн ажлыг өнгөц хөнгөн хэлбрээр харж, ямар ч ёс суртахуун, хүлээх хариуцлага байхгүйгээ тэрбээр харууллаа. Өөрөөр хэлбэл, Ц.Оюунбаатар "Би Шадар сайд гэх эрхэм албыг хашиж чадна аа"хэмээн УИХ-ын гишүүд хийгээд олон нийтийн өмнө ам гарч энэ суудалд заларсан. Гэвч улс төр хийгээд төрийн үйл ажиллагааг "тоглоом" мэт бодсон уу, эсвэл намд үйлчлэх гэж төрд зүтгэж буйгаа илтгэв үү гэв гэнэт л шадар сайдын суудлаа өгөхөөр болоод явчихав.

Энэ бүхэн учир мэдэх хүмүүсийн дургүйцэл, бухимдлыг зэрэг зэрэг төрүүлсэн нь ойлгомжтой.

Төрийн хүн, тэр тусмаа ард түмнийхээ өмнө андгай тангараг өргөдөг эрхэм сайд, гишүүд ийм хариуцлагагүйгээр алба хаших нь байж боломгүй гэж харах ч хүмүүс байна.


Намынхаа даргыг Шадар сайдад зүтгүүлэх гэж байраа тавьж өгсөн гэж улс төр сонирхогчид төвөггүйхэн ойлгочихно. Харин энэ байдлаас болж Шадар сайдын ажил эзгүйрч байгааг юу гэж ойлгох вэ?


Эсвэл энэ алба тийм ч чухал биш юм уу?. Тэрбээр шадар сайд болоод 4 хүрэхгүй сар болж байна. Гэтэл албан суудалдаа сууж ажил хэрэгтэйгээ бүрэн танилцаж ч амжаагүй байхдаа ийн албан тушаалаасаа буух хүсэлтээ гаргасан нь манай улсад улс төрийн соёл, хариуцлага гээч зүйл яахын аргагүй дутагдаж байгааг илтгэж буй юм.


Магадгүй зарим хүнд Н.Энхбаяр шадар сайд болох уу, үгүй юу гэдэг асуудал чухал байж болох ч
намын даргадаа суудлаа тавьж өгч буй Ц.Оюунбаатарын үйлдэл зөв үү гэдгийг өнгийж харах нь зүйтэй биз.


Сайдын албыг хашиж чадахгүй, төрд бус намд үйлчилдэг ийм байдлыг дэвэргэж, өөгшүүлж, эсвэл бүр тоохгүй байх нь арай л биш санагдана.


Улс төрийн соёлоороо ч, ёс суртахуунаараа ч үнэнд гүйцэгдэх энэ байдал гадны улсад тэр бүр тохиолдоод байдаггүй нь лавтай.


Өөрөөр хэлбэл, төрийн алба хашиж, хууль батлагчдын эгнээнд сууж байгаа хүн нийгмийн амьдрал, ажил үүргээ хоёрдугаарт тавьж байгаа нь зохисгүй зүйл гэдгийг гадны, дотны гэлтгүй хүн бүр дуу нэгтэй хэлэх биз ээ.


Өнөөдөр нийгэмд эдийн засаг, иргэдийн амьдрал гээд олон зүйл доройтож байгаа энэ үед төрийн албыг эзгүйрүүлж, намын даргадаа байраа тавьж өгч байгаа Ц.Оюунбаатарт ард иргэд ч өөрсдийн үнэлгээгээ тавьж байгаа байх.


Харин түүнийг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгч, чөлөөлөх эсэхийг шийдэж, дараагийн хүнийг томилох тэр хугацаанд төрийн ажил л цалгардаж байна даа.


Мэдээж Засгийн газрын тухайн хуулинд сайд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгддөг. Энэ хооронд хэн нэгэн түүнийг орлох ёстой. Гэтэл энэ бүхний цаана ард түмэн, нийгмийн амьдрал яригдахгүй өнгөрч байна. Сайд нар ард түмэн, төр засгаа бага ч гэсэн хүндэтгэж, ёс суртахуунтай баймаар юм.

Д.Дуулим

http://www.24tsag.mn