Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд шүүх хурал өнөөдөр болох юм.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаан таван өдөр үргэлжилж, шүүхийн шийдвэр гарч байсан.

Тэднийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт буруутган шүүсэн юм. Шүүхээс тэднийг гэм буруутай гэж дүгнэсэн. Ингэхдээ Л.Гансүхийг бусадтай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож алба тушаалаа урвуулан ашиглаж, гэмт үйлдлийг гардан зохион байгуулсан хэрэгт буруутган 4.6 жилийн хорих албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах ял оноосон.

Харин “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарыг бусадтай бүлэглэн үгсэн тохиролцож, албан тушаалаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутай гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, албан тушаал эрхлэх хугацааг хоёр жилээр хасах шийдвэрийг шүүхээс гаргаж байсан.

Л.Гансүх нь жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд түүний цагдан хоригдсон хоногийг ялаас хасахаар шийдвэрлэсэн билээ.

Т.Буянаа