Монгол улсын Ерөнхий сайд огцруулах үндэслэл бий хэмээн үзэж УИХ-ын 20 гишүүн гарын үсэг зурсан хүсэлтийг Мягмар гаригийн үдээс хойш УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан билээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга санаачлан бараг хагас жил энэхүү гарын үсгийг цуглуулсан бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотноо гарын үсэг зурж, баталгаажуулсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ ашиггүй гэдгийг мэдсээр байж ийм алхам хийсэн хэмээн буруутгаж байгаа гэдгээ онцолсон.

Тэгвэл өнөөдөр уг асуудлыг хэлэлцэх бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 08.30 цагаас эхэлэх байсан ч одоо хэр нь ирц бүрдэхгүй байна. Тус байнгын хороонд харъяалагддаг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн найман гишүүн бүгд, ИЗНН-аас С.Дэмбэрэл гишүүн танхимд ирсэн байгаа юм.

УИХ дахь МАН-ын бүлгээс Н.Энхболд гишүүн орж ирж картаа уншуулсан ч төд удалгүй буцааж картаа сугалан авав. Огцруулах төслийг өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Г.Уянга ч хуралдаанд орж ирж төслөө танилцуулахгүй байгаагаас байнгын хорооны гишүүд асуудлаа хэлэлцэхийг тэвчээртэйгээр хүлээж байна.

Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд УИХ дахь МАН-ын бүлгээс 13 гишүүн гарын үсэг зурсан юм. Гэвч тэднээс хэн нь ч одоогийн байдлаар ирээгүй байна.