УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 20 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ асуудлыг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.

 

Сүүлийн жилүүдэд нам, эвсэл, фракцуудын эрх ашгийн зөрчилдөөн Засгийн газрыг бүрэн эрхийнх нь хугацаанаас өмнө унадаг явдлыг “моод” болгожээ. Тухайлбал, 2012 оноос хойш Засгийн газрын бүтцэд хоёр удаа өөрчлөлт оруулсан. Хэрвээ Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулбал гурав дахиа Засгийн газраараа оролдсон үйл явдал болох нь. Ер нь өнгөрсөн 25 жилд ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүд хэрхэн суудлаасаа буусан болон буулгасан түүхийг 24 баримтаар хүргэж байна.

 

2014. 11. 21-? Ч.САЙХАНБИЛЭГИЙН ЗАСГИЙН ГАЗАР...?

 

Баримт 1. УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 20 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барив.

 

Баримт 2. Тэд Дубайд гарын үсэг зурж, баталгаажуулсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ Ерөнхий сайдыг огцруулах гол шалтгаан болсон гэдгийг огцруулах саналдаа дурьдсан юм.

 

2012/8/9 - 2014/11/5 Н.АЛТАНХУЯГИЙН ЗАСГИЙН ГАЗАР

 

Баримт 3. Н.Алтанхуягийн удирдсан АН 2012 оны сонгуульд амжилттай оролцож, хамгийн олон суудал авснаар 2012 оны 8 сарын 9-нд тэрбээр Ерөнхий сайдаар томилогдсон.

 

Баримт 4. УИХ дахь МАН-ын бүлгийн 28 гишүүн Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг өргөн барьж байжээ. Тэд Засгийн газрын тэргүүн улс орноо хямралд хүргэсэн гэх мэт шалтгаанаар уг тогтоолын төслийг өргөн барьсан юм.

 

Баримт 5. Ингээд 2014 оны 11-р сарын 5-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Шинэчлэлийн засгийн газрыг огцруулсан байна.

 

2009/10/29 - 2012/8/9 С.БАЯРЫН ЗАСГИЙН ГАЗАР

 

Баримт 6. Ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, албан тушаалаа өгсний дараа Сүхбаатарын Батболд 2009 оны 10 сарын 29-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдов.

 

Баримт 7. Харин 2012 оны УИХ-ын сонгуульд түүний удирдсан Монгол Ардын Нам ялагдал хүлээснээр тэрээр намын дарга болон ерөнхий сайдын албаа шилжүүлэн өгсөн юм.

 

2007/11/22 - 2009/10/28 С.БАЯРЫН ЗАСГИЙН ГАЗАР

 

Баримт 8. 2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ С.Баярыг 2008 оны 9 сарын 11-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилсон.

 

Баримт 9. Тухайн үед МАХН дангаараа засгийн эрх барихад хангалттай тооны суудал авсан ч С.Баяр Ардчилсан Намтай хамтарсан засгийн газар байгуулах шийдвэр гаргаж байжээ.

 

Баримт 10. Тэрбээр өвчний учир үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны 10 сарын 28-нд Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгч байжээ.

 

2006/1/25 - 2007/11/22 М.ЭНХБОЛДЫН ЗАСГИЙН ГАЗАР

 

Баримт 11. 2006 оны 1 сард М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгож байв. Тэрбээр "Үндэсний эв нэгдлийн" хэмээх тодотголтой Засгийн газраа бүрдүүлэн ажилласан юм.

 

Баримт 12. Харин МАХН-ын 25-р их хурлаар буюу намын нөхөд нь түүнийг намын дарга болон ерөнхий сайдаас огцруулах шийдвэр гаргаж тэрбээр суудлаасаа бууж байжээ.

 

2004/8/20 - 2006/1/13 Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЗАСГИЙН ГАЗАР

 

Баримт 13. УИХ-ын сонгуульд 50, 50%-ийн тэнцүү санал авсаны дараа Их эвслийн засгийн газар байгуулахын тулд Ардчилсан нам, МАХН гурван гэрээ байгуулж улмаар 2004 оны 8 сарын 20-ны өдөр Ц.Элбэгдорж Их эвслийн Засгийн газрын Ерөнхий сайдаар ажилласан байна.

 

Баримт 14. 2006 оны 1-р сарын 11-нд МАХH-ын Удирдах Зөвлөл Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргажээ.

 

Баримт 15. Үүний дагуу 2006 оны 1-р сарын 13-нд Ц.Элбэгдoржийн хоёр дахь Засгийн газрыг УИХ дахь МАХH-ын гишүүд болон Ардчилсан намын дөрвөн гишүүний саналаар огцруулав.

 

Баримт 16. Ардчилсан нам дээрх гэрээний дагуу өөрийн нэр дэвшигчийн нэрийг нөхөн сонгуулиас татуулсан боловч 2006 оны 1 сард МАХН, УИХ дахь Ардчилсан намын М.Энхсайхан тэргүүтэй цөөн гишүүд, Эх орон нам, Монгол Улсын Бүгд найрамдах нам, Ард түмний намд Засгийн газарт суудал амлаж байж Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулж байсан аж.

 

2000/7/26 - 2004/8/20 Н.ЭНХБАЯРЫН ЗАСГИЙН ГАЗАР

 

Баримт 17. Н.Энхбаяр 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-ыг нь МАХН-д авч чадсан байна. Тиймээс намын тэргүүний хувьд Ерөнхий сайдаар томилогджээ.

 

Баримт 18. 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй байр сууриа алдсан ч олон суудал авсан учраас 8 дугаар сард сөрөг намуудтай хамтарч “Их эвслийн Засгийн газар” байгууллагдахад, Н.Энхбаяр Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласнаар Ерөнхий сайдын суудлаасаа буужээ.

 

1999/7/30 - 2000/7/26 Р.АМАРЖАРГАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР

 

Баримт 19. Р.Амаржаргал 1999 оны 7 сард ардчилсан засгийн газрын 5 дахь тэргүүнээр томилогдсон байна.

 

1998/12/9 - 1999/7/22 Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ЗАСГИЙН ГАЗАР

 

Баримт 20. Ж.Наранцацралт асан 1998 оны 12 дугаар сарын 9-нд Монгол Улсын 20 дахь ерөнхий сайд болж байжээ.

 

Баримт 21. Түүнийг “Эрдэнэт”-ийн хувийг зарах гэж байна гэх шалтгаанаар огцруулж байсан аж.

 

Баримт 22. 2004 оноос хойших ерөнхий сайдууд бүрэн эрхийнхээ хугацааг ямар нэгэн байдлаар дуусгалгүй суудлаасаа бууж байжээ.

 

Баримт 23. Засаг унах шалтгааны дийлэнхийг улс төрийн нам, эвсэл фракцуудын эрх ашгийн зөрчилдөөнөөс үүдэлтэй гэдгийг улс төр судлаачид өгүүлэх болсон.

 

Баримт 24. Энэ удаагийн Засаг унах, эс унах асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдэх юм.

 

24tsag.mn