Д.ГЭРЭЛ

АН-ын ҮЗХ-ны ээлжит хурал өчигдөр Төрийн ордонд 17:00 цагт эхлэх байсан ч хойшиллоо. Хуралдааныг эхлүүлэхээр АН-ын дарга З.Энхболд,намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар иржээ. Мөн “Шонхор” фракцаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг байсан бол МоАХ-ных гэгддэг УИХ-ын даргын зөвлөх Г.Байгальмаа, Зам, тээврийн сайд М.Зоригт зэрэг цөөн хэдэн гишүүн ирэв. Харин хуралдааныг эхлүүлэхгүй гэж “Нэг ардчилал”, “Алтангадас”, “МҮДН”, “Чандмань”, “Кроун” фракц бойкот зарлаж гишүүд нь ҮЗХ-ныхоо хуралд ирээгүй учраас ирц бүрдсэнгүй.

Нэлээд удаан хугацаанд хуралдаагүй тус намын ҮЗХ-гоор намд бугшсан, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ гэсэн таамаг байсан. Гэтэл уржигдар орой Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичиг өргөн барьсантай холбоотой байдал өөрчлөгдөв бололтой. Учир нь АН-ынхан энэ талаар байр сууриа нэг болгож чадаагүй, ҮЗХ-ны хурлаар Засгийн газрын хувь заяаг ярих шаардлагатай болсон тул ирцгүй байсан болов уу. Олон фракцийнхаа учрыг нь намын дарга нь олж чадахгүй байгаа гэх. Хэрэв тэд нэг байр суурьтай байсан бол хуралдаа оролцоод, Засгийн газраа аварч үлдэх саналд нэгдэж, бусад асуудлаа шийдээд явах боломжтой байлаа. Гэтэл уур амьсгал нэлээд хурцадмал байгаа нь АН дотор “гал” асчээ. Энэ нь Ерөнхий сайдыг огцруулах эсэхтэй холбоотой биз. ҮЗХ-ны хурлын танхимд “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ий залуус ч шаардлага тавьж хуудас тарааж байна билээ. Энэ бүгд АН-ын бүлэг, фракциуд даргадаа захирагдахгүй байгааг харуулж байна.