Монгол Улсыг төлөөлөн гадаад оронд суух Элчин сайдын ээлжит томилгооны асуудлыг Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 19-ны өдөр хэлэлцэн улмаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсний дотор Япон улсад суух Элчин сайдаар Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр, БНХАУ-д суух Элчин сайдаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Итали улсад суух Элчин сайдаар Ц.Жамбалдоржийг, Унгар улсад суух Элчин сайдаар З.Батбаяр нарыг тус тус санал болгожээ. Ердийн, албаны гэмээр энэ мэдээнд чухамдаа онцлохоор зүйл юу байна вэ?


Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлдог БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоор болоод байгаа Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд Засгийн газрын хуралдааны шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн юм.


Хятад, Монголын харилцааны асуудлыг хурцатгаж мэдэхээр баталгаагүй мэдээллийг Ерөнхий сайдад албан бичгээр хүргүүлсэн, танхимд ярилцах асуудлыг урьтан олон нийтэд цацсан Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнтэй хамт яамных нь Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг гурван сарын хугацаагаар цалингийн хувь хасуулах сахилгын шийтгэл авсныг энд сануулах нь зүй. Лавтайяа тэрбээр сахилгын шийтгэлтэй нь үнэн.



Өмнөд хөршид Элчин сайдаар томилогдох гэж буй Д.Ганхуяг сайдынхаа хариуцлагагүй, зарчимгүй, хар үгээр бол матаас зөөсөн хэрэгт давхар хариуцлага хүлээсэн нь үнэн бол үүний цаана өөр нэгэн нь юанс бий.

 

Уншигчид санаж буй бол Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн нь Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар нь нийгэмлэгийнхээ хувьцааг Хятадын талд зарахаар хөөцөлдөж байна гэх утга бүхий баталгаагүй мэдээллийг цацсанаараа стратегийн түнш Хятадыг бараг л гэмт хэрэгт холбох дөхсөн юм.

 

Ийм мэдээлэл бүхий албан бичгийг сайд нь мутарлан Ерөнхий сайдад өргөн барьж байхад яамны Төрийн нарийн бичгийн дарга төрийн албаны, тэр дундаа дипломат албаны ажил хэргийг хөтлөгчийн хувьд ямар нэгэн процедурын алдаа гаргасан гэж үзсэн учраас Засгийн газрын хуралдааны шийдвэрээр сахилгын хариуцлага тооцсон бололтой.


Монгол Улсын мөнхийн хоёр хөршийн нэг Хятадын харилцаанд холбогдох таагүй асуудалд хариуцлагын шийтгэл хүлээчихээд байгаа Д.Ганхуяг одоо тус улсад Монголоо төлөөлөх Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдох гэж байгаа нь “шоглоом” байлгүй дээ гэмээр.


Тэгвэл гадаад үзэл баримтлалд манай гуравдагч хөрш гэж албан ёсоор нэрлэсэн, стратегийн түнш Япон улсад Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдох гэж буй Батлан хамгаалахын дэд сайд асан А.Баттөр саяхныг хүртэл нэг багт зүтгэж байсан Батлан хамгаалахын сайдыгаа өнгөрсөн намар АТГ-т өгч шалгуулсан шударга хүн юм. Сайд Ц.Цолмон төрийн томилолтоор Францад ажиллахдаа эхнэрээ төрийн зардлаар авч явсан гэдгийг А.Баттөр зүгээр ч нэг АТГ-т шударгаар мэдээллээд зогссонгүй мөн л цахим ертөнцөөр матаас тараан шившиглэж байснаас үзвэл хүн чанар нь хэдий хэмжээтэй юм бэ гэмээр.


А.Баттөр хоёр ч сайдын үед дэд сайдаар нь ажилласан бөгөөд Д.Бат-Эрдэнэ сайдынхаа багийг бас л элдэвлэсээр байгаад зөвлөх н.Ариунболд нарыг нь АТГ-аар шалгуулан шүүлгэж байсан гэх хов сонсогддог. Харин дараа нь Ц.Цолмонгоо ил цагаан шүүж, зургаан сая төгрөгийн төлбөрийг нь төлүүлсэн. Үнэндээ бол шударга зарчимтай ажиллаж байгаа мэт харагдавч хүний ёсноос харвал нэг сандал дээр суудал хуваасан нөхдөө шоглох нь эвгүй.


Дээрх хоёр эрхмийн Элчин сайдаар томилогдох гэж буй Хятад, Япон улс нь манай стратегийн түншүүд гэдгийг ч сануулах нь зүй биз ээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ойр шадар, нутаг ус нэгтэй хүмүүс гэгддэг тул Элчин сайдаар томилох эсэхэд түүний зүгээс татгалзах зүйл үгүй л болов уу. Эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваарай гэж захивал мөн илүүдэхгүй биз ээ.

Эх сурвалж:"Өглөөний сонин"