Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх байнгын хороо хуралдаж чадахгүй байна. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр хоёр ч удаа тов зарласан. Эхний хуралдаанаар ирц бүрдээгүйгээс гадна тогтоолын төсөл санаачлагч эзгүй байсан тул асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулсан. Уг хуралд АН-ынхан ирцээ бүрдүүлсэн ч МАН-ын гишүүдээс нэг нь ч суулгүй Г.Уянгатай нийлэн алга болцгоосон юм. Ингээд үдээс хойш хоёр дах удаагаа хурал зарлаж арай хийн ирцээ бүрдүүлэн хуралдсан ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав.

Уг нь УИХ дахь сөрөг хүчин болох МАН-ын бүлгийн 26 гишүүнээс 50 хувь нь буюу 13 нь Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурсан. Үүгээр бол МАН-ынхан хамгийн түрүүнд ирцээ бүрдүүлээд Ерөнхий сайдыг баяртай болгох ёстой баймаар. Гэтэл ирцээ бүрдүүлэхгүй алга болцгоож байснаа гэнэт орж ирээд ажлын тав хоногийн завсарлага авсан нь уг бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар нэгдсэн шийдэлд хүрээгүйн илрэл гэж хэлж болохоор байна.

 

Тодруулбал, тус бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар дотроо зодоонтой байгаа аж. Энэ нь МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэх хуралдаанаар ирцээ бүрдүүлж чадаагүй байгаа болон бүлгийн дэд дарга Н.Номтойбаярын завсарлага авахдаа хэлсэн үгнээс нь харж болохоор байна.

 

Н.Номтойбаяр "Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулна, улсаа хөгжүүлж, хүн шиг амьдруулна гэсэн уриатайгаар Ерөнхий сайдаар томилогдоод Ч.Сайханбилэг жил гаруй хугацаа боллоо. Эдийн засгийн хүрээнд хэрхэн ажиллав, ямар үр дүн өгөхөөр байгааг МАН-ын бүлэг хурлаараа хараахан хэлэлцээгүй байна. Мөн огцруулахаар гарын үсэг зурсан нэр бүхий гишүүдийн үндэслэлийг судалж үзэх шаардлагатай байгаа. Ийм учраас МАН-ын бүлэг 5 хоногийн хугацаатай хэлэлцэж байгаа асуудлаас завсарлага авч байна" гэсэн юм.

 

Тэгэхээр МАН уг асуудлаар хуралдаж байр, сууриа нэгтгээгүй гэдэг нь тодорхой байна. Харин тус бүлгийн зарим гишүүд том толгойлж Ерөнхий сайдыг огцруулах асуудалд гарын үсэг зурсан болж таарав. Ер нь л тус бүлгийн гишүүд дор бүрнээ дур мэдэн уг асуудалд ханджээ. Тус бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудалд гарын үсэг зурсан гишүүдийнхээ үндэслэлийг хэлэлцээд уг шийдвэрээс нь буцаалгаж чадах байдал ч ажиглагдаж эхэллээ. Мөн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан тус бүлгийн зарим гишүүд “Би гарын үсэг зураагүй” хэмээн ярьж яваа “бор шувуу” төрийн ордонд гарч эхэллээ. Тухайлбал, Д.Сарангэрэл гишүүн гарын үсэг зураагүй хэмээн шийдвэрээсээ буцаж буй сурагтай.

 

Бүр зарим нь огцруулах асуудлын учрыг нь ололгүй гарын үсгээ зурсан гэнэ. Тэгэхээр МАН-ынхан уг асуудалд ул, суурьгүй сэтгэлийн хөөрлөөр хандсан нь гишүүдийнх нь эргэж буцаж байгаагаас харагдаж байна. Мөн намын бүлгийн нэгдсэн шийдвэрийг гаргалгүй будилаж яваа нь улс төрийн туршлагатай хүчнийг тогтворгүй, нэгдсэн байр, сууринд нэгдэж чадахгүй гэж хэлэхэд хүргэж байна.

 

Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн бариад тав ч хоноогүй байтал уг бичигт гарын үсэг зурсан зарим гишүүд ийнхүү хэлсэн, ярьснаасаа буцаж, бухаж эхэлсэн нь олны эгдүүцлийг хүргэж байна.

 

Р.Амаржаргал гишүүн нэрээ татсан байгаа. Мөн асуудлаар хамгийн тэргүүнд нь сэлэм эргүүлцэж явсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би Ерөнхий сайдыг огцруулъя гэж хэлээгүй” хэмээн ярьж эхлэв. Тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах ёстой хэмээн ярьж яваад бүлгийн хурал дээрээ Н.Энхбаяраар нэг удаа зэмлүүлж гарч ирээд л ингэж ярих болов.

 

 

Энэ мэтээр явбал ирэх 7 хоног гэхэд Ерөнхий сайдыг огцруулах асуудал замхарч, буух эзэн буцах хаяггүй зүйл болж хувирах вий дээ.

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn