УИХ-ын гишүүн, Зам, тээврийн яамны сайд асан Х.Баттулгын "баруун гар” Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ын дарга Б.Батзаяа баривчлагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Түүний биеийн байдал муудсан гэх шалтгаанаар Төв аймгийн Цагдах хорих төвөөс нийслэл рүү шилжүүлж Цагдан хорих 461 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа юм.

"Баруун гар”-ын хүнийг нь баривчилж, өөрийг нь шалгаж эхэлснээс үүдэн УИХ-ын гишүүн Х.Баттулга Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай далд тэмцэл өрнөүүлсэн гэх яриа улстөрийн хүрээнд яригдаж байгаа бөгөөд Авлигатай тэмцэх газар Ерөнхийлөгчийн, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Ерөнхий сайдын хармаанд байдгаас ийнхүү ярьж эхэлсэн бололтой. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, улсын мөнгө угаасан хэргээр Б.Батзаяа нарын хүмүүсийг дээрх хоёр газар шалгаж байгаа бөгөөд үүнээс болоод Х.Баттулга Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарт ундууцаж байгаа аж.

Ямартай ч, Б.Батзаяа нарын хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулгаас гадна Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхийг мөн сэжигтнээр тооцон шалгахаар болсон бөгөөд тэд ч шалгагдаж байцаагдсан зүйл байхгүй хэмээн мэдэгдэж байв. Тэгвэл Х.Баттулга гишүүнийг хуулийнхан дуудаж Б.Батзаяагийн хэрэгт тайлбар мэдүүлэг авсан байна. Тэгэхэд Х.Баттулга гишүүн "Салбар хариуцсан сайдын хувьд Монгол төрийн бодлого, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж, төмөр замын төслийг үр дүнд хүргэх бодлого барьж ажилласан. Ингэхдээ өдөр тутмын ажилд оролцож байгаагүй. Хэнтэй ямар гэрээ байгуулж, хэнийг гүйцэтгэгчээр ажиллуулж байгааг нь би мэддэггүй” хэмээн мэдэгдэж хуулийнхны амнаас хөнгөхөн "мултрав”.

Эцэст нь, Б.Батзаяа нарын хэрэг цаад эзэд нь илэрдэггүй, улсад их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан өөр бусад хэргүүдийн адил замхрах тийшээгээ хандлаа. Хэн гэгч этгээд /этгээдүүд/ улсын мөнгө шамшигдуулж. Б.Батзаяа нараар "туг тахиж, уснаас хуурай гарч” байгаа нь уг нь тун тодорхой зүйл юмсан.

 

Нинж