Мань Женко ярихдаа уг нь бол Ж.Оджаргал бид хоёр нэг нутгийн. Хоёулаа Баянхонгорынхон. Гэхдээ асуудалд нутгархаад байж болохгүй. Энэ бол нэг нутгийн, нэг гэр бүлийн эрх ашгаас хол давсан асуудал гэсэн утгатай юм хэлсэн байдаг. Тэр Монголын хамгийн том компаниудын нэгний эзэн болох Ж.Оджаргалтай мөн л сайд М.Энхсайханы боловсруулсан “ТАВАН ТОЛГОЙН” төслийн асуудлаар дайн дэгдээсэн нь саяхан. Ч.Сайханбилэг том төслүүдээ урагшлуулж, гадаадын хөрөнгө оруулалт нэмснээр эдийн засгийг хямралаас гаргаж, долларын үнийг хазаарлах тухай ярьж “шийдлийн” гэх засгийн газраа байгуулсан. Түүний шийдэх гэсэн “Таван толгой”-н асуудлыг харин Х.Баттулга “асуудалгүй” ажиллаж байгаа төслийг “асуудалтай” компанид өгч буруу шийдэл гаргах гэж байна хэмээн эсэргүүцсэн. Улмаар олны нүдэнд шунахай бизнесмен, эх оронч улс төрч хоёрын хооронд өрнөж буй тэмцэл хэмээн харагдаж, Х.Баттулга хөрөнгө мөнгө, улс төрийн шахалтад эх орноо хамгаалах гэж тэмцэж буй мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.

Энэ бол Б.Батзаяагаар дамжуулан Женког унагах, дарж авах гэсэн элдэв шалтгаануудаас хамгийн үнэмшилтэй нь. Учир нь хэдэн тэрбумаар тоологдох мөнгөн дүнгийн тухай яригдаж байсан асуудал юм. Дэлхийн түүхэнд мөнгөний асуудлаас үүдсэн улс төрийн маргаан нэхэл хатуутай байдаг нь харагддаг. Угтаа бол дайны гал бүр 2010 онд дүрэлзэж эхэлсэн байна. Тэрээр хэлэхдээ “Өнөөдөр 6.4 тэрбумын нөөцтэй ордын дөрвөн хувийг авсан хувийн компани 400 сая тонн нөөцөө барьцаалж зээлээр мөнгө босгоод байхад зургаан тэрбумын нөөцтэй улсын компани яагаад хөрөнгө босгож чадахгүй байна вэ? “Эрдэнэс MGL” гэж компани байгуулсан. Гэтэл энэ компани дээр нөгөө дөрвөн хувийг авсан компани лоббигоо хийчихсэн. За чи унтаж байгаарай, босоод ирвэл бид нар унана шүү гээд лоббигоо хийчихсэн. Наад 400 сая тоннын нөөц чинь зээлийн барьцаанд тавигдчихсан, авсан зээлээрээ хөрөнгө оруулалтаа хийгээд явж байгаа байхгүй юу” хэмээн тухайн үед Ж.Оджаргалыг төрийн байгууллагыг лоббидож өөрийн өртэй компаниа ашигтай ажиллуулах гэж байна. Шударга өрсөлдөөн алга гэсэн утгатай үг хэлсэн байгаа юм. Маргааны үндэс даамжирсаар Женко маань өөрийнхөө хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэйг үл харгалзан Ж.Оджаргалын тухай “...Сонгодог утгаараа олигарх Монголд байхгүй ээ. Нэг байгаа, Баянхонгорын гаралтай нөхөр, тодорхой улс төрчдийг хөлсөлчихсөн, байнга тэжээж, тэтгэж, ашиглаж байдаг” гэж нутгийнхаа “НАЙЗ”-ыг олигархаар цоллосон. Ар араасаа хөвөрч хэвлэлээр тарсан энэ олон мэдэгдлүүдийн нэгэнд нь МСS ингэж хэлсэн байдаг “...Та манай компанийн ажлыг хийх байтугай өдийд ашиглалтад орсон байх “Энержи ресурс” компанийн төмөр замын бүтээн байгуулалтыг зориуд саатуулж өнөөдрийг хүртэл хөдөлгөөгүй, улсын эрх ашгийг бодож компанитай гэрээ байгуулсан төмөр замчдыг ажлаас нь хална гэж дарамталж байсан. Танд Ухаа худагт Монголын олон мянган хөвгүүд охидын хийсэн бүтээн байгуулалтыг нүдээр үзэх урилгыг нэг бус удаа өгсөн. Харамсалтай нь таны нүдийг MCS группийг үзэн яддаг атаархал таглаад тойрч зугтсаар өдий хүрсэн. Утааг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа зуухыг үгүйсгэж, энэ амаргүй ажилд орох компани олдохгүй шахам байхад нийгмийн хариуцлагаа эрхэмлэж уг ажлыг барьж авсан MCS группийг гүтгэх мөртөө олон мянган хувь сонин хэвлэж айлын хашаа давуулан шидэж утааг бууруулах түмний ажлыг хорлон сүйтгэдэг явуургүй үйлдлээ нууж байна” хэмээн Х.Баттулгыг өөрсдөд нь атаархдаг тул бизнесийн дайн хийж байна гэж дүгнэсэн. Дайны сэдэл юу ч байсан гэсэн нэгэнт эхэлсэн үе нь энэ. Гэтэл шийдлийн засгийн газрын сайд М.Энхсайханы буюу Х.Баттулгын аллергитай этгээдийн боловсруулсан “Таван Толгойн” төсөл Ж.Оджаргалын компанитай холбогдож ирсэн нь түүний унтууцлыг хүргэлгүй яачхав. Ингээд хэсэгтээ намжиж байсан дайны гал өнгөрсөн хавраас дахин дүрэлзэж, бүр үндэсний хэмжээнд талцаж, аль аль нь мэдээллийн хэрэгслээр ард түмний тархийг угаах гэж оролдсон. Чухамдаа Монголын нүүрсийг авах ганц зах зээл нь хятад тийм ч болохоор шууд зах зээлд гаргах нь зөв гэсэн М.Энхсайханы үзэл, гуравдагч зах зээлд аж үйлдвэрийн паркаар дамжуулан эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр нүүрс, зэс, ган гаргах Х.Баттулгын үзэлтэй зөрж байна уу? Эсвэл өөр асуудал байна уу? Ж.Оджаргал үнэхээр олигарх бөгөөд, улс төрчдийг тэжээгч юм бол Тэр нь М.Энхсайхан гэсэн үг.

Х.Баттулга энэ төслийг мөн л Зуун чухал сэдвээр оруулж, эвлүүлгийн тусламжаар өөрийнхөө зөв хэмээн тархи угаалтаа хийсэн. Иргэддээ 1072 ширхэг хувьцаа тараасан, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа “Эрдэнэс таван толгой” ХК-ийг үгүй хийж үйл ажиллагаа нь доголдож алдагдалд орсон, 75 хувь нь гадаадын эзэмшилд байдаг “Энержи Ресурс” компанийг аврахын тулд Хятадын, Японы компаниудад 60-н жилийн хугацаатай эзэмшүүлэх гэдэг асуудал нь үндсээрээ буруу байгааг тэр ярьж, эсэргүүцсэн. Улмаар Ухаахудагийн орд газраас үйл ажиллагаагаа тэлж бүхий л Таван толгойгоос ашиг хүртэх гэсэн Ж.Оджаргал захирлын төлөвлөгөө нурсан. Ж.Оджаргал бол бизнес ярих хүн. Тэр компаниа аврах гэсэн бол түүний зөв. Тэр ашиг хайж байгаа бол бас л түүний зөв. Харин Баттулгын хэлсэнчлэн эрсдэл 200 хувь үүрч улс орны хөрөнгө хувааж идэх гэсэн нөхдийн гар хөл болсон нь үнэн бол Баттулгын зөв. Баттулга өөрийнхөө зөв гэж харагдуулдаг арга нь "Геополитик", гэтэл мань үнэхээр геополитикийн дүгнэлт зөв хийх боловсролтой юу? гэдэг асуудал ч гарж ирнэ. Хэнийх нь зөвийг ард түмэн таамгаар хэлэлцэж байна. Харин төслийн гэрээ Англи, Монгол эх нь зөрүүтэй хэмээн Г.Эрдэнчимэг гишүүнээр ахлуулсан багийн дүгнэлт гарснаар энэ асуудал сураг тасарсан. Дэгүүрээ сэмхэн өрнөж хэн хэн нь чимээгүйхэн шиг дайнаа хийсээр байгаа нь ойлгомжтой. Ард түмний хувьцааг цаас болгох гэж байна хэмээн энэ гэрээг батлуулахгүй гэж З.Энхболд “Шийдлийн”-ийн засгийн газартай хийж буй дайнд Женкотой нэгдэж, Ч.Сайханбилэгтэй эрх мэдлийн тэмцэл өрнүүлж үзсэн. Тавантолгой бол ганц хоёроор тогтохгүй тэрбумаар яригдах мөнгөн дүн, арав хориор тогтохгүй олон жилээр яригдах ашиг орлого. Энэ асуудлаас үүдэлтэйгээр ЖЕНКО-д өс санагчид Ж.Оджаргалаар тогтохгүй бизнес улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүс байгаа нь тодорхой. Яг хэнийх нь зөв хэн нь луйварчин хэн нь, эх оронч гэдгийг цаг хугацаа харуулна. Гэхдээ бидний үед тэр нь харагдахгүй байх ч магадлалтай

С.Амаржаргал