Монгол улс ардчилалыг хөгжүүлнэ гэж Үндсэн хуулиндаа зарласан тунхагласан. Гэтэл сүүлийн жилүүдэд Ардчилалын нэр хүнд Монголд төдийгүй дэлхий даяар унасаар байна.

 

Хятадын хөгжил, Сингапурын жишээ, Солонгосын хөгжлийн түүх дэлхий дахиныг гайхуулж буй энэ үед ардчилалын өлгий Европт хүртэл ардчиллын нэр хүнд унаж байгааг Есоmonics сэтгүүл хоёр жилийн өмнө онцолж байв.

 

Чоно борооноор гэгчээр энэ жишгээр Монголд ч мөн арай адан бүтээн босгосон ардчиллаа муулж, дарангуйлал хүсэгчдийн дуу улам бүр тод сонсогдох боллоо. Үүний шалтгаан энгийн. Бид коммунизмд хүрнэ гэж итгэж явсантайгаа ижил сэтгэлээр ардчилалыг хүрэх оргил, хөгжлийн хүрэх цэг гээд ойлгочихжээ. Үнэндээ бол ардчилал ердөө амьдрах арга гэдгийг ойлгочихвол бухимдах шалтгаан байхгүй болчихно. Бухимдахаасаа урьдаар асуудлын , анхдагч шалтгааны зүг хараа сунгах нь зохилтой юм.

 

ТОДОРХОЙЛОЛТЫН ЗӨРҮҮ

 

Бид юун түрүүнд ардчилал, чөлөөт зах зээл, бие даасан эдийн засгийн хөгжил гурав зэрэгцэн оршдоггүй гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж. Гэтэл бид 25 жилийн турш ардчилал, чөлөөт зах зээл, бие даасан эдийн засгийн хөгжил гурав нэгнээ нөхдөг гэх үзэлд автаж ирлээ. Үүний логик нь ардчилал ганцхан чөлөөт зах зээлийг хамгаалдаг, чөлөөт зах зээл харин эдийн засгийг хөгжүүлдэг гэх үндэслэл. Учир нь ардчилсан тогтолцооны үед тайван замаар төрийн эрх мэдэл шилждэг.

 

Хэрэв ардчилал байхгүй бол дарангуйлал тогтоно. Хэрэв дарангуйлал тогтвол хувийн өмч үгүй болж зах зээл гажуудаж хүндэрнэ. Ардчилал бол чөлөөт зах зээлийн эх ундарга. Харин чөлөөт зах зээл хөгжиж хувийн өмч хүчээ авах тусмаа хувийн өмчтөнүүд даварсан төрд хяналт тавьж байранд нь аваачдаг гэж үздэг. Дээрх цуваа өгүүлбэрийг Монголын улс төрч бүр л ярьдаг. Гэтэл онол дээр ч, практикт ч дээрх гаргалгаа буруутдаг.

 

ЯАГААД ОНОЛ ДЭЭР, АМЬДРАЛ ДЭЭР Ч АРДЧИЛАЛ-ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ ХОЁР НЭГНЭЭ ДЭМЖИЖ ЧАДДАГГҮЙ ВЭ?

 

Ардчилалын үндсэн зарчим ёсоор хүн бүр тэгш эрхтэй, тэгш боломжтой учир “Нэг хүн-Нэг санал” гэж бүдүүвчилж болно. Гэтэл чөлөөт зах зээлийн хувьд “Нэг доллар-Нэг санал” гэсэн бичигдээгүй хууль үйлчилнэ. Тиймээс зөвхөн мөнгөтэй хүмүүст л бүх эрх мэдэл, боломж очдог гэж үздэг.

 

18-19 дүгээр зуунд хүчээ авч байсан Австрийн дэг сургууль ардчилал, чөлөөт зах зээл хоёр нийлэхгүй гэж үздэг байв. Энгийнээр тайлбарлавал ардчилал хөгжихийн хэрээр нийгмийн хамгийн бүтээмжгүй хэсэг нь “тэгш эрх, тэгш боломж” шаардах болж, орлого ихтэй хүмүүсээс илүү их татвар авах, яваандаа хувийн өмчийг төрд байлгах сонирхол давамгайлж эхэлдэг гэх үзэл. Энэ үзэл баримтлал үнэхээр хүн төрөлхтөний оюун санааг эзэмдсэн юм. Тиймээс л тухайн үеийн Германд дээд сургууль төгсөөгүй хэн ч сонгуульд санал өгөх эрхгүй байв.

 

Ардчилалын өлгий Англи 1800-1900 онд нийт эмэгтэйчүүдийн 20 хүрэхгүй хувь л сонгуульд санал өгч байв. Мөн Францад орлого тааруу хүн санал өгдөггүй байсан болохоор хүн амын 2 хувь нь л сонгуульд хамрагдана. Италид бичиг үсэг тайлагдалт, хөрөнгийн босго давахгүй учир нийт эрэгтэйчүүдийн 15 хувь нь л санал өгөх эрхтэй байв. АНУ-д татвар төлдөггүй хэн ч санал өгдөггүй байв. Эндээс чөлөөт зах зээлийн хууль ардчиллын логиктой зөрчилдөж байсан нь харагдана.

 

"НЭГ ДОЛЛАР- НЭГ САНАЛ"-ЫГ ШИНЖИХҮЙ

 

Уг чанартаа “Нэг доллар-Нэг санал” бол тийм ч муу зүйл биш. Энэ зарчмын ачаар хүн төрөлхтөн урагшилж, баян хоосны тодорхой ялгааны ачаар нийгмийн бүтээмж нэмэгдэж дундах бялууны маань хэмжээ томордог нь нууц биш.

 

Гэхдээ “Нэг доллар-Нэг санал” зарчим хэт даамжирвал баян хоосны ялгаа улам ихсэж баяжсан нэг нь бурхан шиг амьдарч, ядуу зүдүү нэг нь хоногийн хоолтойгоо арай ядан залгах аюул нүүрлэнэ.

Монголчууд бид “чөлөөт зах зээл чөлөөт зах зээл” гэж орилсоор нэг л өдөр малчин хүн оюутанаа сургах гэж 300 хонио зарж байхад, Улаанбаатарт 20 мянган долларын үнэтэй дунд сургуульд хүүхдээ сургадаг хүмүүс ч бий болжээ. Цөөхөн Монгол ингэж тэрбум 300 сая орчим Энэтхэг шиг нэгнээсээ тасарч болохгүй.

 

Мөн аливаа улсад Шүүх, шүүгч, боловсролын зэргийн үнэлгээ, багш, эмч гээд “Нэг доллар-Нэг санал” зарчим хэзээ ч үйлчилж болохгүй салбар байна. Эндээс үзвэл бидэнд жишиг болон хайрлагдсан ардчилсан тогтолцоо эдийн засгийн хөгжлийг авчрах үүрэггүй, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх албагүй, тийм боломж тийм өндөр биш нь харагдана.

 

ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ ҮҮ? АРДЧИЛАЛ ҮҮ?

 

Ардчилсан замаар 25 жил замнаад Монгол улс жишиг орон болсон. Монголын ардчилалыг шүүмжлэх хүн бий л байх, гэхдээ хэн ч үгүйсгэж эс чадна. Гэтэл 25 жилийн турш бид эдийн засгийн хувьд хүссэндээ хүрч огт чадсангүй. Уул уурхай эдийн засгийн өндөр өсөлт авчирсан ч уг өсөлтийг бид бүтээгээгүй учир буцаад л унаад байгаа нь хөөрхийлөлтэй. Гэтэл Монголд загвар нь таарахгүй чөлөөт зах зээлийг хүмүүс сурталдсан хэвээр л...

 

Эдгээр сурталдагсад, Монголд олон компани төрийн албыг лоббидон татаас авч, татвар бага төлж байна. Тиймээс тэдний үнэтэй үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хүчээр авах нь зүйтэй гэсэн аргумент ичихгүй гаргаж тавина. “Агуу их Хятадын дэргэд байгаа манайд яаж үйлдвэрлэл хөгжих билээ. Зөнд нь орхи” гэж орилолдоцгооно.

 

Гэтэл бодит байдал дээр эдийн засаг улс төрөөс салсан, улс төр эдийн засгаас ангид байсан түүхийн хуудас нэг ч улс оронд үгүй. Учир нь зах зээл хэмээх тоглоомын дүрэм нь өөрөө улс төрийн бүтээгдэхүүн. Өрх толгойлсон, тахир дутуу хүмүүст ажил олгох, халамж өгөх, хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэхийг хориглох зэрэг эдийн засагтай мөнхийн уялдаатай сэдвүүд өөрсдөө улс төрийн шийдэл шийдвэр болохоос чөлөөт зах зээлийн шийдэл биш. Цэвэр эдийн засаг өөрөө ширэнгийн хуультай.

 

БУСДЫН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭХ ХҮСЭЛ

 

Ардчилал төгс биш ч хүн төрлөхтөн одоогоор түүнээс илүүг олсонгүй хэмээх үгийг бид бүгд мэднэ. Бид Үндсэн хуулиа дээдэлж Ардчилсан замаар замнаж яваа улс. Монголын ардчилал хөгжих хэрээр чөлөөт зах зээлтэй зөрчилдөх боллоо. Энэ тохиолдолд ардчилалыг үгүйсгэнэ гэдэг утгагүй хэрэг.

 

Харин тодорхой хугацаагаар чөлөөт зах зээлийг хязгаарлах нь хүн төрөлхтөний сонголт. Бидний зарим нь төр хамгийн жижиг, хамгнйн бага оролцоотой байх ёстой гэж орилсоор. Ер нь ардчилсан аргаар төрийнхөө бүх институцыг ажил удаж, хар машинаа шатааж, гараар тоолон байж сонгож, бий болгочихоод бүх эрх мэдлийг нь улс төрөөс хараат бус. байгуулагуудад өгөөд байвал ардчилалтай байхын хэрэг юунд байгаа юм. Монголын ардчилал иргэдийн дундаа нэр хүнд муудаж ухарвал хэнд ашигтай вэ? Бидэнд л лав биш.

 

Баян орнуудын хөл гар болсон цэцэрхэгчдийн Монголд нэвтрүүлж буй хамгийн хүчтэй бодлого бол Монголын төр, иргэд хоёрын хооронд яс хаяж, өөр хоорондоо болон өөртөө итгэх итгэлийг нь алдуулах...

 

Тэд аман дээрээ ардчиллын талаар сайн сайхныг амлах боловч ачир дээрээ бидннй бүтээж буй ардчиллын эрэг шургийг сулруулах ганц хүсэлтэй. Түүнийг нь ухаж ойлгохгүй харалган улс төрчид төрөө гоочилж, доош нь хийж, Ардчилсан замаар сонгогдсон Монголын парламентийг хүчгүй болгох хүслийг нь гүйцээж өгсөөр л байна.

ХҮЧТЭНИЙ ДЭРГЭД ХҮЧТЭЙ БАЙХ...

 

Мэдээж чөлөөт зах зээлийг бүрэн үгүйсгээгүй. Ердөө л Монголын Ардчилсан төр, чөлөөт зах зээл хоёр зэрэгцэн оршин цаг хугацаа өнөөдөр биш. Монгол орон гадаад худалдааныхаа 80 хувийг Хятадтай, 20 хувийг Оростой хийдэг.

 

Үнэндээ энэхоёр орны Монголтой харьцах эдийн засгийн асуудлыг төр нь мэддэг болхоос чөлөөт зах зээл зохицуулаад буй юм байхгүй. Тиймээс бидэнд төрийн оролцоотой зах зээлийн замнал буюу төрийн капитализмаас өөр сонголт үгүй. Хүчтэй төргүй Монгол тэгээд хүчтэй төртэй Орос, Хятад, АНУ, Солонгос, Япоп, Тайвань, Казакстан зэрэг оронтой хэрхэн харьцах юм бэ? Төр нь жижигрэх тусам толгойгүй Монгол болно.

 

Хурдацтай хөгжихийн тулд Монголын төр урагштай, тогтвортой байх хэрэгтэй байна. Хөгжихийн тулд зорилгоо тодорхой болгож, түүнд хүрэх стратегаа ултай боловсруулах гэсэн хоёрхон зүйлийг л яв цав болгодог нь ертөнцийн өнгийг тодорхойлж буй улсуудын хөгжлийн гол нууц. Тиймээс бидний өмнө зорилгоо тодорхойлж, стратегаа төлөвлөн, хөдөлмөрөө хувиарлаж, системээ эргэлдүүлэх ажил л байна. Ингэж чадвал сая хөгжлийн галт тэрэг Монгол зүтгүүртэйгээр урагшлах болно.

 

Хуульч Б.Ган-Очир