Г.Шийлэгдамбын хууль зөрчсөн тушаалыг хүчингүй болгуулна
2016/01/27
Авлигатай тэмцэх газраас /АТГ/ Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын 2015 онд 470 дугаар тушаалаар баталсан “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ыг хянан үзэж, хүчингүй болгуулахаар Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарт албан бичиг хүргүүлжээ.
Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д зааснаар төрийн байгууллагууд нь авлига, ашиг сонирхлын зөрчил гаргах нөхцөл, боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг АТГ-аас өгсөн саналын дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчлөх үүрэг хүлээсэн.
Дээрх эрүүл мэндийн байгууллагууд нь хүчингүй болсон Эрүүл мэндийн сайдын 2006 оны 277 дугаар тушаалаар баталсан “Төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт, журам батлах тухай” шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах нь нийтлэг байсан бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Журам, жагсаалт батлах тухай” /төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж/ 223 дугаар тушаалыг мөрдөж ажиллах талаар тухай бүр зөвлөмжийг өгч байсан байна.
Иймд 470 дугаар тушаал нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болоогүй, иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, ижил түвшинд үзүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй, эмч, эмнэлгийн ажилтнуудын баримтлан ажиллах зарчмыг тодорхой тусгаж чадаагүй зэрэг авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бололцоог бий болгож болзошгүй байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар албан бичиг хүргүүлжээ.
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар
Зочин · 2016/01/28
Shorond ni hii