Улсын хэмжээнд хатуу хучилттай замын урт нэмэгдэж таван мянга гаруй км хүрээд байгаа ч,зам засвар арчлалтад зарцуулдаг төсөв нь жил ирэх бүр буурсаар байна.

2014 онд 25 тэрбум, 2015 онд 18 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан бол энэ онд замчид найман тэрбум төгрөгөөр 12 мянган км хатуу хучилттай болон сайжруулсан замыг засварлаж, арчлах шаардлага үүсчээ. Азийн хөгжлийн банкны гаргасан судалгаагаар монгол улсын авто замын сүлжээнд байнгын засвар арчилгаа хийхэд нийт 55 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн байдаг. Гэтэл бид үүнийхээ дөнгөж зургаан хувьд хүрэх л төсөв баталсан. Тиймээс замын салбарт ажиллаж байгаа ажилчдаа цөөрүүлэхээс өөр сонголт үлдээгүй гэж байна.

2016 оны хувьд зайлшгүй урсгал засвар хийх шаардлагатай 600 км авто зам байна.

Монгол улсын хэмжээнд авто замын засвар арчлалт хариуцдаг 28 компани байдаг. Өвлийн цасан шуурганд хаагдсан зам давааг нээх, халтиргаа гулгааг шуурхай арилгах, зуны цагт засвар үйлчилгээ хийх, нөхөөс тавих зэрэг ажлыг эдгээр компаниуд хийж гүйцэтгэдэг. Эдгээр компаниудад 1000 гаруй хүн ажилладаг бөгөөд цалин гэж сардаа 300-400 мянган төгрөг авдаг бөгөөд өвөл бол 220 мянган төгрөг авдаг аж. Улсын төсөвлөсөн найман тэрбум төгрөгөөр замын арчлалтын компаниуд 2400 км замыг засаж, ажилчидынхаа 50 хувийг цомхотгож байж өгсөн мөнгө нь дуусах ажээ.

2016 оны хувьд зайлшгүй урсгал засвар хийх шаардлагатай 600 км авто зам байна. Энэ хэмжээний замыг засахад 18-20 тэрбум төгрөг шаардлагатай. Мөнгө байхгүй гээд эвдэрхий замыг хэвээр үлдээвэл олон мянган хүний амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа хэрэг. Мөн авто тээврийн тухай хууль болон замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд зам дээр осол гарвал тухайн зам засварын компани хариуцна гээд заачихсан байдаг. Хэмнэж, танаж болох зардлаа бууруулж хямралыг давах нь зөв. Гэхдээ олон мянган хүн өдөр тутам зорчиж байдаг авто замын аюулгүй байдлыг хангах нь хөрөнгө мөнгө хэмнэхээс илүү үнэ цэнэтэй зүйл гэдгийг замчид хэлж байна.

2016 оны зам засвар, арчлалтад шаардлагатай нэмэлт хөрөнгө 47 тэрбум төгрөгийг энэ оны төсвийн тодотголд тусгуулахаар шийдвэрлүүлээд байгааг

Тэгвэл замчид өнгөрсөн оноос хойш олон удаа холбогдох яам руу албан тоот илгээж, уулзсаны эцэст Зам тээврийн яамнаас 2015 оны зам, засвар арчлалтын ажлын дутуу санхүүжилтийг олгуулахаар векселийн жагсаалтад оруулжээ. Мөн 2016 оны зам засвар, арчлалтад шаардлагатай нэмэлт хөрөнгө 47 тэрбум төгрөгийг энэ оны төсвийн тодотголд тусгуулахаар шийдвэрлүүлээд байгааг Зам тээврийн сайд Д.Зоригт хэлсэн юм. Гэхдээ дээрх мөнгийг гаргахаар шийдвэрлүүлсэн ч Сангийн яам гаргаж өгөөгүй байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Үнэндээ улсын төсөв улаасан энэ үед Сангийн яам тийм ч амархан гаргаж өгч чадах болов уу.

Т.Буянаа