“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй Монголын Залуучуудын Холбооноос жил бүр өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнаж, ирэх жилийнхээ ажлыг төлөвлөн, хэлэлцдэг уламжлалтай. Энэ дагуу “Унадаг дугуйтай Улаанбаатар-2016” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

 

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Замын цагдаагийн газар, МЗХ-ны дэргэдэх Авто замчин залуучуудын холбоо, МЗХ-ны Эрүүл мэндийн байнгын хороо, Монголын дугуйн холбоо, Залуу дугуйчин клуб, “NICE BIKE” клуб, “Атилла”унадаг дугуйн дэлгүүр, “ТРЕК”унадаг дугуйн дэлгүүр, “Canondale”унадаг дугуйн дэлгүүрийн төлөөлөл оролцлоо.

 

 

Хэлэлцүүлгээр “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн өнгөрсөн 3 жилийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, унадаг дугуйн хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх, дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчинг хэрхэн хангах, унадаг дугуйн замыг шинээр байгуулах боломж зэрэг асуудлуудыг хөндөн ярилцлаа. Мөн Залуу дугуйчин клубын тэргүүн Ч.Түвшинжаргал “Дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчин”, Гудамж төслийн ерөнхий архитектор Г.Сайнбаяр “Унадаг дугуй хэрэглэгчдийн тухай судалгаа, тулгамдаж буй асуудал”, МАЗЗХолбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан “Унадаг дугуйн замын хэрэгжүүлэлт” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллэг өрнүүлсэн юм.

Манай улсын хувьд унадаг дугуйн хэрэглээ 30 мянгад хүрсэн бөгөөд унадаг дугуй хэрэглэхэд тулгамдаж буй асуудлыг судлахад Унадаг дугуй зам, Унадаг дугуйн хулгай, Унадаг дугуйн зогсоол гэх мэт асуудлууд эхний 3-т жагссан байна. Хэлэлцүүлэгт оролцсон дугуйчдын хувьд нэн тэргүүний тулгамдсан асуудал нь дугуйн зам бөгөөд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын харьцаа хандлага ч чухал болохыг онцоллоо. Түүнчлэн хөдөлгөөнд оролцож буй дугуйчид зориулалтын малгай өмсөж хэвшихийг уриалсан юм.

 

Мөн энэ үеэр хөндөгдсөн томоохон асуудлын нэг нь унадаг дугуйн замын асуудал байсан бөгөөд уг төслийн хүрээнд 2013-2015 онд Бэлхийн зам, Дүнжингаравын зам, 19-р хорооллын арын зам, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн зэрэг 9 газар 45.9 км дугуйн замтай болсон бол Концессын гэрээгээр 2016 онд баригдах 7 замын 2 нь дугуйн замтай баригдах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хэрвээ уг төлөвлөгөөний дагуу хэрэгжвэл энэ онд 30 орчим км дугуйн зам нэмэгдэх нь. Мөн Авто замчин залуучуудын холбоо явган хүний замыг дугуйн замтай хосолмол аргаар ашиглах талаар судалгаа хийсэн байна. Уг судалгаанаас баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх урд талын явган хүний замыг дугуйн замтай хосолмол аргаар хэрэглэх боломжтой гэсэн дүн гарчээ.

 

 

Уулзалтын үр дүнд залуучууд нэгдэж өөрсдийн боломж бололцоогоор дугуйн жишиг замтай болох, унадаг дугуйг Гаалийн татвараас чөлөөлөх мөн банкны лизинг бууруулах гэх мэт саналууд гарсан бөгөөд саналуудын нэгтгэн 2016 онд хэрэгжүүлэх “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгах юм байна.