Хотын дарга Э.Бат-үүл хэдийнэ огцрох болзлоо хангаж, өөрийнхөө “нүх”-ийг ухсан гэдгийг Чингэлтэй дүүргийн XV хорооны иргэд хэлж байна. Цаашлаад тэд соёлын өвөө солонгосчуудад “зарчихаад” шүүхэд давж заалдаад яваа Үүл баатрыг ойлгохгүй байгаагаа ч учирлаж байна. Чухам ямар шалтгаанаар хотын даргын нэр хүнд хэсэг бүлэг иргэнд ийнхүү үнэгүйдсэнийг дурдахын тулд хэдэн жилийн өмнөх үйл явдлыг дурдах хэрэг гарна. Товчхондоо, одоогоос таван жилийн өмнө, 2011 оны долдугаар сарын 13 буюу улсын баяр наадмын шөнө Монголын түхийн нэгэн хуудас Зүүн хүрээний нууц бүлгэмийн байрлаж байсан шинэ үеийн “Ленин” клубийн мэдлийн хоёр давхар модон байшинг трактороор түрж нураасан нь өдгөө ч хэрүүлийн алим болсоор явна. Учир нь энэ бол өдгөө хуруу дарам тоологдох болсон соёлын өвийн нэг бөгөөд 1971 оны арванхоёрдугаар сарын 28-нд Улаанбаатар хотын хамгаалалтад авсан барилга. Нэг ёсондоо Монгол Улсын тусгаар тогтнолын бүтэн зууны түүхийн нэг хэсэг болсон Зүүн хүрээний нууц бүлгэм байрлаж байсан модон байшин өдгөө газрын хөрснөөс арчигдсан. Гэтэл түүх соёлын үл хөдлөх дурсгал тусгай хамгаалалтад байх учиртай. Харин тусгай хамгаалалт бүү хэл, бизнесийнхний гарт үрэгдэж үгүй болсон төдийгүй өдгөө энэ соёлын өвийн газрыг Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани мэдэлдээ авчихаад байна. Уг нь энэ барилгыг нураах үед холбогдох хүмүүс “Номын сан барина” гэх тайлбарыг бидэнд өгч байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам үнэн бүдгэрдгийг гадарладаг авлигачид Зүүн хүрээний нууц бүлгэмийн байрлаж байсан байшинг нурааснаас хоёр жилийн дараа буюу 2013 онд дээр дурдсанчлан Солонгосын компанийн мэдэлд шилжүүлсэн юм. Хачирхалтай нь өөрийгөө “ардчиллын алтан хараацайнуудын нэг” хэмээн өргөмжилдөг Үүл баатар маань хотын дарга болсныхоо дараа энэ үйл явцыг гардан гүйцэтгэсэн бөгөөд соёлын өв байсан газрыг гаднын компанийн мэдэлд шилжүүлснээс гадна соёлын өвийн кадастрын зураглалд орсон талбайн хэмжээг хүртэл нэмэгдүүлж олгосон байх юм. Энэ улсын түүхэн үнэн бүхнийг өөрийн гараар бичилцсэн хүн гэж өөрийгөө өргөмжлөх дуртай атлаа эрх мэдэлд толгойгоо мэдүүлж, өнгөрсөн зууныхаа түүхийг үгүй хийх ажиллагаанд ийнхүү гар бие оролцон, идэвх зүтгэлтэй ажиллаж байгааг юу гэж ойлгох вэ.

 

“ҮҮЛ БААТАР АА, ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОСОН БИДНИЙ ЭРХИЙГ БҮҮ ХЯЗГААРЛААЧ”

 

Хотын дарга ийнхүү нийслэлд байгаа соёлын өвийн, тусгай хамгаалалттай газраа гаднынхны мэдэлд шилжүүлчихээд шүүхэд давж заалдаад байгаа учраас 15 дугаар байрны оршин суугчид түүнд хандан захидал бичжээ. Үүнд “Чингэлтэй дүүргийн V хорооны 15 дугаар байр нь 1980-аад онд баригдсан, хоёр орцтой есөн давхар байр юм. Нийт 74 өрхийн 120-оод иргэн нар харах эрхээ хязгаарлуулаад байна. Манай байранд хүүхэд нялхас төдийгүй ахмад настан олон амьдардаг. Энэ байрны оршин суугчид Үүл баатар байтугай төр засгаас юу ч гуйгаагүй, өөрсдийгөө болгоод амар тайван амьдарч яваа улс. Гэтэл хотын дарга та, тусгай хамгаалалттай газрыг Солонгосын компанид шилжүүлснээр 16 давхар барилга барих гэж байна. Гэтэл “Дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтгүйгээр хотын газрыг бусдад эзэмшүүлбэл Нийслэлийн Засаг дарга огцорно” гэх заалт бий. Тэр бүү хэл, энэ заалтыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас барилгынхныг зохицуулахаар гаргасан шинэ журамд эрхэм дарга та өөрөө санаачилж оруулсан. Тиймээс Монгол Улсын баатар таныг хэлсэндээ хүрэхийг бид хүлээж байна” гэжээ. Түүнчлэн “Төрийн ордноос 100 метр, Эрх чөлөөний талбайгаас 40 метрийн зайд байсан түүх соёлын өвийг нураачихаад газар дээр нь 16 давхар барилга барина гээд “Бамбар инж” компанийн гэрчилгээ, тамга хоёрыг гаднынхан бариад явж байна, цаан чинь. Нийслэлийн иргэд ээ сэрцгээ, сэрэмжилцгээ. 15 дугаар байрны оршин суугчдыг төлөөлж, иргэн Б.Лувсандорж, Ц.Энхжаргал” гэсэн байх юм. Үнэндээ энэ бол жирийн иргэдийн байдаг л нэг захидал мэт боловч Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай хамаатай асуудал гэдгийг учир мэдэх хүмүүс гадарлах л байх. Нийслэл хотын Засаг дарга нь тусгай хамгаалалттай газраа гаднынхны эзэмшилд өгчихөөд, түүхээ өмгөөлсөн иргэдийн өмнөөс давж заалдах шатанд гомдол гаргаад байгаагийн цаана нээрэн л зохион байгуулалттай, маш том бүлэглэл байна гэж харахаас өөр аргагүй. Хэдийгээр соёлын өв байрлаж байсан, тусгай хамгаалалттай газрыг гартаа оруулж “Солонгосын компани контор, орон сууцны цогц барилга барина. Энэ байгууламждаа соёлын өвийг сэргээн бариулна” гэж тайлбарлаж байгаа ч энэ нь зөвхөн бизнесийн ашиг хонжоо харсан ажил төдий л юм. Энд хамгийн ноцтой нь маш олон хууль тогтоомж зөрчин байж гаднынханд тухайн газрыг шилжүүлснээр иргэдэд Үндсэн хуулиар олгосон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчиж байгаа юм. Тухайлбал, тухайн газартаа залгаа байрладаг орон сууцны иргэд 2011 оноос эхлэн өнөөдрийг хүртэл чадах хэмжээндээ эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Тодруулбал, “Бамбар инж” компани соёлын өвийг нураасан өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн V хорооны 15 дугаар байрны иргэд соёлын өвтэй “хөрш“ байрладаг учраас ихээхэн анхаарал хандуулсаар ирсэн юм. Тэр дундаа тус байрны оршин суугч иргэн С.Санжааванчиг энэ асуудалд иргэний үүргээ биелүүлэн анхаарал хандуулж байгаа төдийгүй тэрбээр түүхийн үнэнийг үгүй хийсэн энэхүү балмад үйлдлийг эсэргүүцэн 2014 оны зургадугаар сард Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Есөн давхар барилгын хажууд 16 давхар орон сууц сүндэрлэчихвэл тэднийг сохолсонтой адил зүйл болох нь гарцаагүй. Тэгээд ч өнөөх барилга хоорондын зай, норм дүрэм хаана байна. Эсвэл бид хуульгүй улсад амьдарч байгаа хэрэг үү.

 

ИРГЭД ЭХНИЙ БАЙДЛААР ЯЛАЛТ БАЙГУУЛСАН Ч ҮҮЛ БААТАР ДАВЖ ЗААЛДЖЭЭ

 

Хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар хотын даргын нэр дээр гаргасан иргэн С.Санжааванчигийн гомдлыг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх жил гаруйн хугацаанд судалсны эцэст өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 9-нд шүүх хурал болсон байдаг. Түүний нэхэмжлэлийн гол агуулга нь “Нийслэлийн Засаг дарга “Бамбар инж” компанид зориулан барилга барих зөвшөөрөл олгосноор тус компани миний оршин суудаг 15 дугаар байрнаас 4.5-5 метр зайд барилга барихаар зэхэж байгаа нь барилгын норм дүрэм зөрчихөөс гадна иргэдийн эрхэд шууд халдсан үйлдэл болж байна” гэсэн агуулгатай. Харин шүүх уг асуудлыг авч хэлэлцээд Газрын тухай хуулийн болон Соёлын өвийг хамгаалах, Тусгай хамгаалалттай газар нутгийн, Хот байгуулалтын тухай зэрэг дөрвөн ч хуулийн холбогдох хэд хэдэн заалтыг зөрчиж, “Бамбар инж” компанид соёлын өвийг устгах зөвшөөрөл олгосон нь хотын даргын буруу гэх шийдвэрийг гаргасан юм байна. Хэдийгээр Захиргааны хэргийн шүүх авч хэлэлцэн шийдсэн нь энэ боловч соёлын өвийг устгаж, тусгай хамгаалалттай газрыг нь гаднын компанид эзэмшүүлэх гэж байгаа нь нийт 30-аад хуулийг зөрчиж байгаа аж. Гадаадын компанид тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглуулахгүй байх хуулийн заалт бий. Гэтэл хотын дарга үүнийг мэдсээр байж соёлын өвийнхөө газрыг гаднынханд бүр өгөхөөр зүтгэж байгааг юу гэж ойлгох вэ. Эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх газрыг хоёр тэрбум төгрөгөөр солонгосчуудад зарсан бөгөөд тэд манайханд шахалт үзүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэд хэдийнэ мөнгөө өгсөн бөгөөд үйл ажиллагаа явуулах боломж олгож өгөхгүй бол мөнгөө буцааж авахаар шахаж байгаа юм байна.Тиймээс л хотын даргын “амь тэмцэн” зүтгэж байгаа төдийгүй хууль зөрчөөд ч болов тусгай хамгаалалттай газраа гаднын компанид ашиглуулахаар зүтгэж байгаа бололтой. Хэдийгээр ийнхүү анхан шатны шүүхээс соёлын өвийг хамгаалах талд шийдвэр гаргасан ч Үүл баатарт энэ нь таалагдахгүй байгаа бололтой. Шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах гомдол гаргаад байгаа ажээ. Ингэхдээ Үүл баатар өөрөө шүүх хуралд оролцож гүйгээд байна уу гэвэл мэдээж үгүй. Түүнийг төлөөлж, хоёрын зэрэг өмгөөлөгч уг асуудлыг хариуцаж байгаа бол нийслэлийн ИТХ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх нэг хүн үндсэндээ соёлын өвийн газрыг бизнес болгон хувиргасныг “өмгөөлж” байгаа хэрэг. Үнэндээ энэ бол эрх мэдэлдээ эрдсэн хүний хийх үйлдэл гэлтэй. Нэг талд улсынхаа бүтэн зууны түүхийг агуулсан барилгыг нураалгасандаа гомдоллоод зогсохгүй 15 дугаар байрны оршин суугчдын нэрийн өмнөөс ганц иргэн явж байхад нөгөө талд эрх мэдэлтэй дарга гурван ч хүнээ түүний өмнөөс “тавьчихаад” байна. Нийслэлийнхний хүсэлтээр давж заалдах шатны шүүх хурлын тов гарсан ч өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа хойшлуулжээ. Энэ нь томчууд цаагуураа найраагаа хийхээр цаг хожих гэсэн арга гэдгийг ч 15 дугаар байрны оршин суугчид хэлж байна.

 

 

М.ӨНӨРЖАРГАЛ