“Элгээ чөлөөлье” аяны хүрээнд МЗХ-ны дэргэдэх Эрүүл мэндийн байнгын хороон “ Элгээ хамгаалъя” уулзалт ярилцлагыг өчигдөр зохион байгууллаа. Эрүүл хоол хүнс, зөв зохистой хэрэглээнээс гадна эрүүл мэндийн үзлэг оношлогоо чухал гэдгийг оюутан залууст ойлгуулах зорилготой уг уулзалтанд 200 орчим оюутан залуус оролцсон бөгөөд Эрүүл мэндийн байнгын хороон дэд дарга Х. Бат-Ирээдүй “Ирээдүйд илгээх дархлаа”, АУ-ны доктор Б.Баянмөнх “Хоол хүнсний зохицолдлого” сэдвээр илтгэл тавьж залуустай нээлттэй ярилцсан юм.

 

Монголчууд сүүлийн жилүүдэд хоол боловсруулах эрхтний хорт хавдраар их өвчлөх болсон бөгөөд үүнээс элэг, нойр булчирхай, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар зонхилдог байна. Тэр дундаа элэгний өвчлөл, элэгний хорт хавдраар дэлхийд дээгүүрт бичигдэх болжээ. Элэгний хавдраар өвчилсөн хүмүүсийн 70-80 хувь нь оройтож, өвчлөлийнхөө сүүлчийн шатанд орсон хойно эмнэлэгт ханддаг аж. Эрт үед нь илрүүлсэн тохиолдолд урьдчилсан эмчилгээ хийлгэж, мэс засалд орвол амьдрах магадлал 95-97 хувьтай байдаг. Харин хожуу илэрсэн тохиолдолд эмчлэхэд хүндрэлтэй байдгийг энэ үеэр онцоллоо.

Тиймээс өвдсөн хойно нь эмчлүүлэх биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд тогтмол хамрагдаж байхыг уулзалтанд оролцсон залуустаа захилаа. Элэгний өвчлөл үүсгэх гол шалтгаан нь амьдралын буруу дадал хэвшил буруу хооллолт, стресс болон архины хэтрүүлсэн хэрэглээ байдаг байна.

Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд витамин С хэрэглэх, ногоо болон жимс тогтмол хэрэглэх, архи дарсыг хэмжээтэй хэрэглэх, элэгний вирусээр өвчлөхгүй байхыг зөвлөлөө. Элэг өвчлөх үед ядарч, сульдан шалтгаангүйгээр турж эцэх, зарим үед аюулхай дээр цанхайж баруун хавирганы нумаар өвдөнө, нүдний салст, тагнай шарлан, өтгөн нь цайвар өнгөтэй гарч, царай харлах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Гэхдээ ийм шинж тэмдэг хүн болгонд адил илэрдэггүй аж.