Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, шинжлэх ухааны шилдэг зохион байгуулагч, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, XX зууны манлай эрдэмтэн, Академич Баатарын Чадраа 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын шинжлэх ухаанд хүнд гарз тохиолоо.

Б.Чадраа нь 1939 онд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Ороох хэмээх газар Баатарын 8 дахь хүү болон мэндэлжээ.

Тэрбээр 1963 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийг төгсөж, ажлынхаа гарааг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Байгалийн ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас эхэлж Физик, математикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Физик техникийн хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан - үйлдвэрлэлийн нэгдлийн Ерөнхий захирал, Электрон техник, эрдэм шинжилгээний багаж төхөөрөмжийн “Монел” үйлдвэрийн захирал, Улаанбаатарын Их сургуулийн захирал зэрэг албыг хашиж ирснээс гадна ШУА-ийн Дэд ерөнхийлөгчөөр 3 удаа, ШУА-ийн Ерөнхийлөгчөөр 3 удаа, нийт 21 жил сонгогдон ажилласан шинжлэх ухааны авьяаслаг зохион байгуулагч эрдэмтэн байлаа.

Академич Б.Чадраа 1976-1981 онд Ардын Их Хурлын депутатаар, 2000-2004 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр тус тус сонгогдон, төрийн жолоо атгалцаж, Монгол Улсын Засгийн газрын Сансрын хамтарсан нислэгийг бэлтгэх улсын комиссын орлогч дарга, Цөмийн энергийн комиссын орлогч дарга, Эрдмийн цол, зэрэг олгох дээд зөвлөлийн орлогч дарга, МАН-ын Төв хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байсан манай төр, нийгмийн зүтгэлтэн билээ.

Академич Б.Чадраа сэргээгдэх эрчим хүч, сансар судлал, цөмийн физик, электроникийн судалгаа, Монгол Улсын хөгжил, шинжлэх ухааны бодлогын чиглэлээр 320 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг гадаад, дотоодод нийтлүүлсэн юм.

Шинжлэх ухааны доктор, профессор Б.Чадраагийн бүтээлээс цөмийн гаж бөөмс үүсэх үйл явц, түүний мэдээллийг анх олж ажигласан, их энергитэй сансрын эгэл бөөмсийн цөмтэй хийх мөргөлдөөнийг дэлхий дээр болон сансар огторгуйд судалсан, нар, салхи, био, геоэнергийн ашиглалтыг судлан туршсан, малчдыг нар, салхины эрчим хүчээр хангах багаж төхөөрөмж зохион бүтээж үйлдвэрлэсэн зэрэг ажлын үр дүн, Монголын үндэсний нэвтэрхий толь, Монголын байгаль орчны нэвтэрхий толь зэрэг бүтээлүүд нь гадаад, дотоодын эрдэмтдээс өндөр үнэлгээ авсан юм.

Тэрбээр өөрийн орны шинжлэх ухааны бүх салбарыг хөгжүүлэх, академийн эрдэм судлалын орчинг бүрдүүлэх, хүний нөөц, боловсон хүчин, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэхэд нөр их хөдөлмөр, билиг оюун, эрдэм чадлаа бүрэн зориулсан Монголын шинжлэх ухааны шилдэг эрдэмтэн байв.

Академич Б.Чадраа нь ОХУ-ын Шинжлэх ухааны академийн гадаад гишүүн, Хүндэт доктор, ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академийн гишүүн, Киргизийн ШУА-ийн гадаад гишүүн, Гуравдагч орнуудын ШУА, Европын ШУА, Олон улсын дээд боловсролын ШУА, Дэлхийн Инновацийн сангийн гишүүн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн, ОХУ-ын Дубна хот дахь Олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Бүрэн эрхт төлөөлөгч зэрэг 10 гаруй улс, шинжлэх ухааны болон олон нийтийн байгууллагын гишүүнээр сонгогдон үр бүтээлтэй ажиллаж байлаа.

Түүний хөдөлмөр, бүтээлийг төр, засгаас өндөр үнэлж “Монгол Улсын төрийн шагнал”, “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, Академич хэргэм олгож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн медалиудаар шагнажээ. Мөн ЗСБНХУ-ын /хуучин нэрээр/ “Улс түмний найрамдлын одон”, ОХУ-ын “Найрамдлын одон”, “Гавъяаны одон”, “Вернадскийн медаль”, “Черскийн медаль”, Европийн ШУА-ийн “Дээд одон” зэрэг одон, медалиудаар шагнагдсан байна.

Талийгаачийн ажилч хичээнгүй, шударга, туйлбартай зан чанар, удирдан зохион байгуулах өндөр ур чадвар, бусдад тавих халамж анхаарал, нөхөрсөг, хүнлэг, энгийн элэгсэг харьцаа, гэгээн дүр, төрх бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн дурсагдах болно.

 

Шинжлэх ухааны академи