Ойрын хоёр өдөр манай улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид гэрлийн хурдаар элсэн орохгүй бол болохгүй юм гэнэ. Хачин сонин үзэгдэл гэхэд даанч багадахаар хачин сонин үзэгдэл ээ, энэ.
Харин эл хачин сонин үзэгдлийн тухай " Монгол tv" телевизээр УИХ-ын гишүүн, бридж Ганхуягийн ярихыг ёстой л санаандгүй сонсож орхив, би бээр.
Монгол улс эл конвенцид элсэн орсноор Цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдэг статусаа баталгаажуулах юм гэнэ. Байгалийн гамшиг нэн их болсон өнөөгийн дэлхийд бид амьдран буй. Арлын Японууд яаж зовж байгааг бид мэднэ. Цацраг идэвхт бодисоос ангижрах гээд газрын хөрсөө тэр чигт нь хуулж байгаа. Үр дүнд хүрэх, үгүйгээ мэдэхгүй гэж байгаа.
Ер нь эрх мэдэл дагуулах хэдэн муу халтар төгрөгнөөс болж ард түмнийхээ ирээдүй, эрүүл мэндэд хор хохирол учруулах зүйлд гараа дүрэх хэрэггүй юм.
Ганхуяг гишүүн гурван настай хүүхэд, ач зээтэй эсэхийг мэдэхгүй. Ингэж хэлэхийн учир гэвэл, эгээтэй л гурван настай хүүхдээ хуурах гэж жуумалзан худал донгодож буй дүр зураг тод харагдав. Хүүхдээ аргалах, хуурах эрх энэ хүнд байж болно. Харин монголын ард түмнийг гурван настай хүүхэд мэт хуурах гэж оролдох эрх түүнд байхгүй. Монголчууд бид малаа бэлчээрлүүлэх эрүүл газар устайгаа байвал лав турж үхэхгүй. Хамгийн энгийн логик гэвэл энэ юм. Уул уурхайтай холбоотой төвөгтэй асуудал багадлаа гэж үү. Ядаж бүгдээрээ санаанд багтамгүй их, хэрэглэж дуусдаггүй хорт цацраг ядгаруулдаг халуун цөмийн урвалаас хол байя л даа. Энэ тал дээр төр засаг, ард нийтээрээ нэгдэж чадвал хэн биднийг шахаж шаардах билээ.
Асуудлыг шийдэх гарц мэдээж олон. Манай Улс, "Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц"-д заавал нэгдэн орох ёстой гэвэл, яагаад УИХ-ын ээлжит сонгуулийн дараа болохгүй гэж. Гүн гүнзгий судалж үзье. Эцэст ирээдүй хойчдоо зүхэгдэх үйлдэл хийх хэрэггүй юм. Тэнэглэх эрх төр засагт байх ёсгүй!!!