2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд эвсэл байгуулж оролцох тухай 10 удаагийн хэлэлцээрийн явцад Монгол Ардын Нам МАХН-ын тавьсан олон асуудалд хүлээцтэй хандаж тохиролцоо хийсний дүнд эвсэл байгуулах тухай санамж бичигт 2016 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурж, энэ тухай олон нийтэд хамтарч мэдээлэл хийсэн билээ.

Эвсэл байгуулах ажлын хэсгийн ахлагч нарын гарын үсэгтэй санамж бичгийн хоёрдугаар заалтыг өөрчлөхөөр МАХН-аас санал ирүүлсэн нь санамж бичгийн тавдугаар заалтыг зөрчиж байна хэмээн МАН-ын ажлын хэсгийнхэн үзэж байгаа аж. Түүнчлэн санамж бичигт гарын үсэг зурснаас хойш МАХН-ын удирдлага АН болон бусад намын удирдлагатай уулзаж хэлэлцээр хийж байгаа зэрэг нь хоёр намын сонгуульд эвсэж орох асуудлыг тодорхой бус болгож байна гэж МАН-ын хэсэг үзэж байгаа юм байна.

Сонгуулийн тухай хуулиар бол мөрийн хөтөлбөрийг холбогдох төрийн байгууллагад өгөх хугацаа 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болохыг харгалзан үзэж 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний 16.00 цагт багтаан эвсэх эсэх тухай Бага чуулганы албан ёсны шийдвэрээ олон утгагүй, цаг хугацаа авах санаа агуулахгүйгээр хариу өгөхийг хүсье гэж Монгол Ардын Намын ажлын хэсгийн дарга УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар МАХН-ын ажлын хэсэгт явуулсан албан бичигтээ дурджээ.