2016-05-04-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг 80.4 хувийн саналаар хүлээн авсан. Ингэснээр хэн нэг гишүүн “оймсонд хавчуулагдан” намын жагсаалтаар гарч ирэхээргүй болж байна. Өөрөөр хэлбэл хуучны адил 76 гишүүнийг та бид сонгодог болж байгаа тул Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс УИХ дахь намын бүлгүүд хуралдаж Сонгуулийн хуулийг хэрхэн өөрчлөх эсэхэд саналаа нэгтгэж өчигдөр орой ажлын бус цагаар Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулан, чуулганаар асуудлыг хэлэлцэв.

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцээд цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд байнгын хороодын саналыг хүлээн авч Улсын Их Хурлын тогтоол баталсан. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батбаяр, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, байнгын хорооны ажлын хэсгээс боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж дэмжсэн талаарх тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч А.Бакей чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хорооны ажлын хэсэг энэ хугацаанд хоёр удаа хуралдаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай төслүүдийг боловсруулжээ. Ингэхдээ ажлын хэсэг Сонгуулийн тухай хуулиас зөвхөн Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтэд хөндөгдсөн зүйл, заалт, хэсгүүдийг өөрчлөх зарчмыг анхнаасаа барьж ажилласан гэдгийг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав. Мөн Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцооны суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулан дагалдаж өөрчлөгдөх зарим заалт тус хуульд байгаа болохыг дурдсаны дагуу хуулийн зарим зүйл, заалт, хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах, өөрчлөн найруулах, хүчингүй болгох зохицуулалт хийхээр төсөлд тусгасныг танилцуулсан юм.

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлд “сонгуулийн мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн тооцоонд энэ хуулийн 125.2-т заасан хугацаанаас 10 хоногийн өмнө хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт” гэсэн агуулгатай 128.3.10 дахь заалт нэмэх, 2 дугаар зүйлд Сонгуулийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгийн “гишүүн” гэсний дараа “тус бүр нэг мандаттай 76 тойргоос” гэж, 128 дугаар зүйлийн 128.8 дахь хэсгийн “нэр дэвшигчдийн” гэсний өмнө “нам, эвслээс” гэж, мөн хэсгийн “бүртгэх” гэсний өмнө “бие даан нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор” гэж нэмэхээр тусгажээ. Мөн Сонгуулийн тухай хуулийн Сонгуулийн тогтолцоо гэсэн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг “7.1.Сонгууль нь олонхийн /мажоритар/ тогтолцоотой байна” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байна. Түүнчлэн хуулийн 85.1.1 дэх заалтыг “85.1.1.намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан, эвслийг түүний бүрэлдэхүүнд орсон намуудын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу тэдгээрийн нэр дэвшигчийг” гэж, 126.5.3 дахь заалтыг “126.5.3.энэ хуулийн 126.1-д заасан нэрийн жагсаалтыг гаргахдаа энэ хуулийн 122.1, 126.4-т заасан хуралдаанаар нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, хувиар нь эрэмбэлэн, тойргийн дарааллын дагуу үйлдэх” гэж тус тус өөрчлөн найруулахаар зохицуулжээ. Мөн хуулийн зарим зүйл, заалт, хэсгийг өөрчлөх, хүчингүй болгохоор тусгасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, Ч.Улаан, Д.Сарангэрэл нар байнгын хорооны даргаас асуулт тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Тодруулбал,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Цэцийн дүгнэлттэй холбогдуулж зөвхөн жагсаалтын асуудлыг хэлэлцэх ёстой. Гэтэл суурь өөрчлөлтийн асуудал орж ирсэн байна. Суурь өөрчлөлт хийх бол хуулийн төсөл өргөн барьдаг. Асуудал АН, МАН-ын тохироогоор явж байна гэж ойлгох уу. Хэн гэдэг гишүүн жижиг 76 тойргоор сонгууль явуулья гэсэн асуудлыг гаргаж тавьсан бэ" гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, "Цэцийн 05 дугаар дүгнэлт нь Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн. Иймээс холимог тогтолцоог хэрэглэхгүй, олонхийн тогтолцоогоор сонгуулиа явуулахаар болсон гэдгийг гишүүд сайн ойлгож байгаа гэж бодож байна"

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: "Үндсэн хуульд нийцүүлж сонгуулиа явуулахаар болсон нь зарчмын хувьд зөв. Гэхдээ хамгийн боломжтой хувилбар нь 76 гишүүнээ эрэмбэлэх явдал гэж үзэж байна. Жижиг 76 бол хөрөнгөтэй мөнгөтэй нь сонгогддог хувилбар. Тиймээс 76-гаа эрэмбэлэх асуудлыг ярьсан уу. Ер нь том тойргоор явуулах санал гаргасан хүн байна уу" гэсэн асуудлыг тодруулахад байнгын хорооны дарга А.Бакей, "Сонгуулийн түүхэнд дэх 6 сонгуулийн 5-ыг можаратороор, нэгийг нь холимогоор явуулсан. Сонгуулийн эдгээр тогтолцооны аль аль нь давуу болоод сул талтай. Мөнгө төгрөгтэй нь сонгуульд ялалт байгуулах вий гэж санаа зовж байх шиг байна. Мөнгө төгрөг тараавал хуулиараа хариуцлага тооцдог болсон. Том тойргийн асуудлаар гишүүд саналаа хэлж байсан. Одоогийн тогтолцоог гишүүд дэмжсэн"

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: "Жагсаалтын 28-тай холбоотой асуудал хөндөгдөнө гэж байсан ч сонгуулийн хуулийн өөрчлөлтийг бүхэлд нь оруулаад ирэв үү гэсэн асуудлыг асуумаар байна. Энэ асуудал хуулийн дагуу явж чадаж байна уу. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг УИХ-аас баталсан. Хөтөлбөрт сонгууль явуулахаас 6 сарын дотор сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахгүй гэсэн асуудлыг тусгасан. Тэгэхээр хөтөлбөр хүчингүй болох ёстой юу. Парламентад суудалтай намуудын төлөөлөл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тэгш орсон уу. Эмэгтэйчүүд нэр дэвших бололцоо бий юу" гэсэн асуултыг тавьсан. А.Бакей үүнд ,"Ажлын хэсэг цэцийн 05 дугаар дүгнэлтийн хүрээнд ажилласан. Ээлжит сонгууль болохоос 6 сарын өмнө хуулинд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт тусгагдсан байдаг. Гэхдээ цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авсан тул сонгуулийн хуулинд өөрчлөлт орж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд намын төлөөлөл тэгш орсон. Ардчиллын үнэт зүйлээс ухарч байгаа юм биш үү гэж асууж байна. Үндсэн хууль зөрчсөн зөрчлийг арилгаж байгаа тул ардчиллын үнэт зүйлээс ухарсан гэж бодохгүй байна"

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: "Эмэгтэй гишүүд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан уу. Би хуралдаанд сууж буй гишүүдийн ширээн дээр 6 намын эмэгтэйчүүдийн төлөөллийн бичгийг тавьсан байгаа. Эмэгтэйчүүдийн квотын 30 хувийг унагахаас өмнө асуудлыг тогтож харна гэж бодож байна" гэхэд байнгын хорооны дарга А.Бакей, "Ажлын хэсэг дээр ийм санал гарсан тал бий. Эмэгтэйчүүд УИХ-д 70-80 хувьд нь нэр дэвших бололцоотой"

 

 

УИХ-ын гишүүн Г.Уянга: "Ажлын хэсгийн санал байнгын хорооны санал болж орж ирсэн нь дэгийн алдаа болж байна. Буруу дэгээр явж буй эл асуудалд Ерөнхийлөгч хориг тавина байх. Хулгайн хуулийг шөнөөр ярьдаг. Цэц жагсаалт хууль зөрчжээ гэсэн. Гэтэл арай өөр асуудал энд яригдаж байна. Мөнгөжсөн хүмүүс л сонгуулийн энэ хэлбэрийг сонгож байгаа. УИХ уламжлал шинэчлэлийг хадгалсан байх ёстой. Гэтэл энэ замналыг устгалаа" гэсэн асуудлыг хөндөхөд дарга А.Бакей, "Дэг зөрчсөн асуудал гараагүй. Дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу ажлын хэсэг ажилласан"

УИХ-ын гишүүн Ч.Улаан: "УИХ-ын гишүүд бид хууль дээдлэх учиртай. Үүний дотор Үндсэн хуультай асуудлыг нийцүүлэх ёстой. Үндсэн хуулинд монгол улсын иргэд монгол улсын иргэнийг сонгоно гэж заасан. Үүнээс намыг сонгоно гэсэн заалт байхгүй. Одоогийн өөрчлөлт зарчмын том өөрчлөлт болсон байна. Дагуулж тонгорно гэдэг шиг юм болжээ. Шүүмжлэлд өртөхгүйгээр хуулиа өөрчлөх боломж байсангүй юу" гэхэд байнгын хорооны дарга А.Бакей, "Холимог тогтолцоогоо хадгалаад Үндсэн хуульд нийцүүлж асуудлыг шийдэж болохгүй юу гэсэн асуудлыг хөндөж байна. Байнгын хорооны түвшинд гаргасан санал унасан. Өмнө нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хөндсөн ч яригдаагүй. Хэрэв ярьсан бол өнөөдөр ийм асуудал ярихгүй байх байлаа. Цаашид Үндсэн хуулинд сонгуулийн тогтолцооны асуудлыг тодорхой оруулж өгөх нь зүйтэй"

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: "Ардчиллын өнгөн дээр эмэгтэйчүүдээ алагчлахгүй байж болоогүй юм уу. Улстөр дэх эмэгтэйчүүдийн харьцаа тэгш байсан бол өнөөдөр улс орны нийгэм эдийн засаг ийм байдалд хүрэх байсан уу гэж иргэд ярьж байна. Эмэгтэй гишүүд сонгуульд оролцох тодорхой санал гаргасан. Үүнийг ярьсан уу" гэсэн асуулт тавихад дарга А.Бакей, "Цэц Сонгуулийн тухай хуулийг түдгэлзүүлээгүй байсан бол хувь тэнцүүлсэн хэсэг дээр эмэгтэйчүүдийн сонгогдох магдалал өндөр байсан. Цэц энэ хэсэгт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Эмэгтэй гишүүдийн саналыг ажлын хэсэг үзэж танилцсан. Тэгээд өөр өөрийн үнэмшлээр асуудалд хандсан гэж үзэж байна"

Ингээд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.4 хувь нь дэмжлээ. Мөн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 75.9 хувь нь, Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 75.4 хувь нь дэмжив. Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм.

Хууль тогтоомжийн төслүүд батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд: Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэлж ирэх долоо хоногийн нэг дэх өдөр гэхэд дуусах байсныг Улсын Их Хурал цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай уялдуулан баталсан хуулийн шинэ зохицуулалтаар энэ сарын 23-ны өдрөөс эхлэхээр хойшлуулж байгаа. Ингэснээр нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд боломж олгож байгаа. Харин аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажил нэг дэх өдөр гэхэд дуусна гэдгийг дурдав. Мөн тэрээр Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон тул энэ талаарх шинэ зохицуулалтыг ирэх долоо хоногтоо багтаан хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай” гэдгийг хэлсэн юм.