УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэгтэй танилцъя. Тус тойрог нь гурван мандаттай бөгөөд эрх баригч Ардчилсан намаас Хөвсгөл аймагт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын нэрийг дэвшүүлсэн бол Монгол Ардын нам нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга асан Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан нарыг өрсөлдүүлэхээр болжээ. “Гол тулаан” АН, МАН-аас нэр дэвшигчдийн дунд болох нь тодорхой.

 

Ирэх сонгуулиар Хөвсгөл аймагт:,

П.Цагаан, Л.Мөнхбаатар
Ц.Оюунгэрэл, Ц.Даваасүрэн
Б.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан нар бие, биенийхээ эсрэг өрсөлдөхөөр таарчээ.

 

 

Шинэ ба хуучин: П.Цагаан, Л.Мөнхбаатар

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааныг Хөвсгөлд нэр дэвшинэ гэж хэн ч таамаглаагүй. Түүний нэр тус тойрогт горилогчдын дунд огт дуулдахгүй байж байгаад Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын шийдвэрээр нэр дэвшихээр болсон юм. П.Цагааны хувьд насаараа төрийн ажлыг нугалж ирсэн туршлагатай нэгэн. Олон улсын хуульч, Эдийн засагч мэргэжилтэй энэ хүн Хөдөлмөрийн сайд, Ерөнхийлөгч П.Очирбатын парламентын асуудал хариуцсан шадар туслах, Сангийн сайд, Ерөнхий сайдын зөвлөх, БСШУ-ны сайд зэрэг албан тушаалыг хашиж байжээ. Түүний хувьд төрийн ажлыг мэддэг мөн мэдлэг боловсрол өндөртэй гэж үнэлэгдэх магадлалтай ч Хөвсгөлийнх биш гэдгээрээ ялагдаж магадгүй байна. Өнгөрсөн хугацаанд хөвсгөлчүүд нутгийн унаган хүүхэддээ итгэл хүлээлгэж ирснээс нь үзвэл дээрх үзүүлэлт П.Цагааны ялагдах шалтгаан болж мэдэх юм. Бас нэг хүчин зүйл бий. Тэр нь Хөвсгөлд хийсэн ажилгүй гэх том шалтгаан. Ядаж хөвсгөлчүүд рүү хандсан тустай ажил хийгээгүй. Харин Л.Мөнхбаатарын хувьд Хөвсгөлийн унаган хүүхэд. Тиймээс ч нутаг орондоо өнгөрсөн дөрвөн жилд танигдахын тулд нилээд хүч, хөрөнгө зарсан гэнэ. Тэрбээр 2012 оны сонгуулиар тус тойрогт нэр дэвшээд өвдөг шороодсон. Гэхдээ тус хоёр нэр дэвшигчийн дунд хүч тэнцүү тулаан гарч мэднэ. П.Цагааны хувьд Хөвсгөл рүү хандсан ажил хийгээгүй ч олон жилийн туршлагаараа иргэдэд танигдсан нэгэн. “Нэг л харсан хүн” гэдэг шиг түүний царай хүмүүст аль хэдийн дасал болжээ. Харин Л.Мөнхбаатар нийт масст танигдаж чадаагүй ч хөвсгөлд тийм ч шинэ хүн бас биш юм.

 

Ц.Оюунгэрэл VS Ц.Даваасүрэн

 

Жинхэнэ гал гарсан тулаан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ц.Даваасүрэн нарын хооронд гарч мэдэхээр байна. Хоёулаа Хөвсгөл нутгийн унаган хүүхэд. Гэхдээ УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өнгөрсөн хугацаанд Хөвсгөлд хийсэн ажилгүй учраас ялалт байгуулах эсэх нь эргэлзээтэй. Ирэх дөрвөн жилд Хөвсгөлд хийх ажлынх нь мөрийн хөтөлбөр л түүнд хэдэн санал авчирч магадгүй юм. Түүний хувьд УИХ-ын сонгуульд Хөвсгөлд хоёр удаа нэр дэвшээд өвдөг шороодож байсан ч 2012 оны сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд ялалт байгуулсан юм. Хэдийгээр Хөвсгөлд ялалт байгуулж байгаагүй ч Ц.Оюунгэрэл Ардчилсан намын боловсрол өндөртэй бүсгүйчүүдийн тоонд ордог бас ч тулхтай, зарчимтай улстөрч гэх тодотголтой нэгэн. Хөвсгөлчүүд түүнд итгэл хүлээлгэх эсэх нь энэ сарын сүүлээр тодорхой болох буй за. Харин Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Хөвсгөл рүү их хэмжээний төсөв мөнгийг хувиарлаж чадсан гэдэг. Мөн нутагтаа оруулсан хөрөнгө оруулалт их, иргэдтэйгээ ойр байдаг гэх мэт шалтгаан нь түүнд ялалт авчирч магадгүй юм. Түүний хувьд 2012 оны сонгуулийн өмнө Монгол Ардын намаас гарч Хөвсгөлд бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан. Харин энэ жилийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж байна. Үзэл бодол, улс төрийн зорилго таарахгүй хэмээн орхиж явсан намдаа эргэж очсон нь түүний рейтингийг унагаад байгаа талаар улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа.

 

Б.Эрдэнэбат уу эсвэл Л.Энх-Амгалан

 

УИХ-д сонгогдсон цагаасаа Хөвсгөлчүүдийн итгэлийг хүлээсээр рейтингээ алдаагүй яваа улстөрч бол Л.Энх-Амгалан. Энэ удаа ч ялалт байгуулах өндөр магадлалтай байгаа талаар тус нутгийхан хэлж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дундаа боловсрол өндөртэйд эрэмбэлэгддэг түүнийг “Нэг их улстөржөөд байдаггүй, бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг зовлон бэрхшээлийн голыг олж хардаг, нийгмийн өмнө тулгарч байгаа томоохон асуудлыг шийдвэрлэх хүрээнд тодорхой хуулийн төслүүд санаачилж, түүнийгээ батлуулахын төлөө тууштай зүтгэж ирсэн олон эерэг чанартай” хэмээн тодотгодог. МCS компанийн хувьцаа эзэмшигч тэрбээр УИХ-д хөрөнгөөрөө толгой цохидог. Тиймээс ч хувь, хувьсгалын мөнгөөрөө Хөвсгөлийг нилээн усалсан байна. Л.Энх-Амгалангийн өрсөлдөгч “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбат. Б.Эрдэнэбатын хувьд Ардчилсан намыг дэмжиж сонгуульд оролцож буй учир тус намаас түүнийг Хөвсгөл рүү илгээжээ. Эх орон намын дарга “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хувьд Хөвсгөл “Үхлийн тойрог” болж магадгүй л юм. Хүчтэй өрсөлдөгч түүнийг угтаж байна. Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд үргэлж Хөвсгөлд хүч үзэж байсан тэрбээр тус тойрогт ялж, ялагдаж ирсэн түүхтэй. Нэгэн цагт Монголын нөлөө бүхий улс төрчдийн нэгт тооцогдож байсан түүний нэр хүнд олон зүйлээс болж унасан. Тухайлбал, намаа сольсон нь “Туйлбаргүй улс төрч” гэж нэрлэхэд хүргэсэн юм. Мөн хэдэн жилийн өмнө түүний гэр бүлтэй холбоотой нэгэн ноцтой мэдээлэл дуулиан тарьсан билээ. Тодруулбал, Террил Атиенза гэх Филлипин бүсгүй Б.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байгаа амиа алдсан байдаг. Уг хэрэгт Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн болон түүний “танхай” хүү Э.Жаргалан нарыг хардаж байсан ч удаатай. Тухайн үед хэвлэлээр мэдээлж байснаар бол нас барсан эмэгтэйн бие эргэн тойрондоо шархадсан, түлэгдсэн шинжтэй байсан гэх мэдээлэл бий. Мөн “ “Эрэл”-ийн гэр бүл үйлчлэгч бүсгүйг гэр бүлтэй нь холбоо бариулахгүй, интернэт оруулахгүй, утсаар яриулахгүй гэж хатуу загнадаг байсны адил биед нь халддаг байсан байхыг ч үгүйсгэхгүй юм” гэж тухайн үед хэвлэлүүд бичиж байжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. Цаашилбал, уг хэрэгтэй холбогдуулан Филлипиний цагаачлалын албанаас Монголд ажиллахгүй байхыг иргэддээ анхааруулж байжээ. Энэ талаарх мэдээллийг энддарж уншина уу.

 

Хамгийн ноцтой нь талийгаач Террил Атиензагийн хэргээс үүдэн Филлипинд Б.Эрдэнэбатын гэр бүлийг эсэргүүцсэн жагсаал болж байсан юм. Жагсаалын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

Энэ мэт түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд их бий.

 


 

Улаанбаатар хотоос 600 гаруй км зайд орших Хөвсгөл аймаг нь 24 сумтай, хүн ам нь 74 мянгад хүрчээ. Өнаадар хөвсгөлчүүдийг төлөөлөн парламентад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн нар сууж байна. Тандалтаар энэ тойрогт өрсөлдөх горилогчдын нэрс гарын арван хуруунаас даваад байна. Цагтаа Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, М.Энхсайхан, Л.Гүндалай нарыг УИХ-д төлөөллөө болгон илгээж “цэнхэртэж” байсан хөвсгөлчүүд ирэх жилүүдэд “улаантаж” мэдэхээр байна.

 

Хөвсгөлөөс УИХ-д сонгогдсон түшээд хэн бэ?

 

2012 онд

Л.Энх-Амгалан /МАН/, Ц.Даваасүрэн /Бие даагч/

 

2008 онд

Л.Гүндалай, Ц.Сэдванчиг /АН/
Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн /МАН/

 

2004 онд

Л.Гүндалай, М.Энхсайхан/АН/
О.Энхсайхан, Б.Эрдэнэбат/Эх орон ардчилал эвсэл/

 

2000 онд

Л.Гүндалай /АН/
Ө.Энхтүвшин, Л.Цэрэнжав, Э.Гомбожав /МАХН/

 

1996 онд

Д.Цогбадрах /МАХН/
Э.Бат-Үүл/АН/, Р.Одонбаатар, Д.Бохьшарга/АХ эвсэл/

 

1992 онд

Ц.Элбэгдорж/АН/
Б.Чимид, Д.Данзан, Г.Төртогтох/МАХН/

Т.Энхэлээ