Сонгуулийн Ерөнхий хороо УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулсан. Сонгуульд нэр дэвшихээр албан ёсоор нэр нь баталгаажсан 12 нам, 3 эвсэл, 69 бие даагч буюу нийт 498 нэр дэвшигч байна. Эдгээр нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаар сонгуульд өрсөлдөх зам нь шуударч байна. Ингээд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь тодорхой болсон зарим нэр дэвшигчдийн байр, суурийг 24tsag.mn хүргэж байна.


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Манай АН бол шилдэг нам

Манай АН бол шилдэг нам. Бидний хийсэн бүтээсэн бүх зүйл ард түмний өмнө нээлттэй байгаа. Хийсэн ажлууд маань ямар нэгэн байдлаар хөшигний ард өрнөөгүй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бидний хийж бүтээсэн ажлууд, бүтээн байгуулалтын тайлангуудаа ард түмэндээ хандан тодорхой тайлагнасаар ирсэн. Тийм учраас УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид ард түмнээсээ олонхийн санал гэдэгт итгэлтэй байна.

Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшигч Л.Наранбаатар: - Ардчилсан намдаа буцаж орно

- Намаасаа нэр дэвших хүсэлтэй байсан. Гэвч намаа шинэчлэх хөдөлгөөнийг тэргүүлдэг, намын даргынхаа бодлогод шүүмжлэлтэй ханддаг зэрэг асуудлаас болоод АН-аас дэвших боломжгүй болсон. Эдийн засгийн чуулганы дараа З.Энхболд дарга намайг намаас хөөсөн гэж олон нийтэд мэдэгдсэн. Тийм болохоор намаас гарч, бие даан нэр дэвшиж байна. Сонгуулиар ялалт байгуулаад намдаа эргэж орно. Намын журмын нөхөд, Дархан-Уул аймгийн иргэдээс надад олон удаа санал тавьж байсан. Дэвшээчээ, бид дэмжинээ гэж. Манай уул уурхайнхан ч гэсэн салбарын төлөөлөл төрд хэрэгтэй байна гэж хэлдэг. Дархан-Уул аймаг өөрөө уул уурхай, аж үйлдвэрийн гол бүс нутаг. Миний хувьд Шарын голын уурхайн тосгонд төрж өссөн. Уул уурхайн салбарыг зөв, хариуцлагатай хөгжүүлэх талаар байнга боддог, тодорхой ажлуудыг ч хийсээр ирсэн. Энэ салбарт хийх зүйл их бий, бодож төлөвлөсөн ажлууд байгаа. Дээр нь нэмж хэлэхэд өнгөрөгч оны төгсгөлөөс улстөрчдийн дунд хийгдсэн социологийн судалгаануудаар Дархан-Уул аймагт миний нэр тогтмол дээгүүр гарч ирж байсан. Эдгээр хүчин зүйлсийг харгалзан үзээд дэвших шийдвэрээ гаргасан.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: Сонгуульд оролцох асуудалд С.Оюун дарга эсрэг саналгүй байгаа.

-Монголын ард түмний өмнө бий болчихоод байгаа эдийн засгийн хүнд байдлааас гарах хамгийн гол арга зам бол төрөө засах явдал. Төрийн удирдлага, тогтолцоо зөв болж байж, Монгол Улсын үндсэн хуулинд парламентийн засаглал руу чиглэсэн өөрчлөлтүүд хийгдэж байж бид цаашдаа зөв зам руугаа орно. Миний бие сонгуулийн компанит ажлаа удирдан ажиллаж байна. С.Оюун даргын хувьд хуралдаа оролцоод явж байна. Бидний тусдаа сонгуульд оролцох асуудалд С.Оюун дарга эсрэг саналгүй байгаа.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан: Би Эрдэнэтэд нэр дэвшиж байна

-Миний бие 48-р тойрог буюу Эрдэнэт хотод нэр дэвшиж байгаа. Одоо Орхон аймаг гээд өгчихсөн. Уг нь Эрдэнэт хот гэвэл их зүгээр байгаа юм. Монгол Улс маань дөрвөн хоттой байг л дээ. Үүнийг бид засаж, хот болгоно оо. Эрдэнэт хот өнөөдөр Улс орноо авч явж байна. Энэ хотын зэс, молебдин экспортод гарахгүй бол бид баларна. Тэнд хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгосон хүмүүс байдаг учраас Улс орноо хөгжүүлэхийн төлөө тэд нартай хамтарч ажиллахыг хүссэн. Манай намаас УИХ-ын сонгуульд 36, НИТХ-д 21 нэр дэвшигч өрсөлдөж байна. Судалгаа харахад манай нэр дэвшигчид гараад ирэх юм билээ.

Бие даагч М.Нарантуяа /Нара/: Шинээр сэтгэж, шударгаар, тууштай зүтгэх болно.

Өнөөдөр зуны дунд сарын шинийн гурваны билэгт сайн өдөр миний амьдралын хувьд ч гэсэн нэгэн шинэ хуудас нээсэн онцгой өдөр тохиож байна.Тусгаар тогтносон, ардчилсан улсын эрх чөлөөт иргэний хувиар төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 69-р тойрогт бие даан нэр дэвшигчийн үнэмлэхээ хүлээж аваад байна. Төр, түмний төлөө зүтгэх улс төрчийн ажил амаргүй гэдгийг би бүрэн ухамсарлаж байгаа. Сонгогчдын итгэлийг авч Улсын Их Хурлын гишүүнээр болбол сонгогчдынхоо, нийт ард түмнийхээ, Монгол Улсынхаа төлөө шинээр сэтгэж, шударгаар, тууштай зүтгэх болно. Өнөөг хүртэл үргэлж урам зориг эрч хүчээр зоригжуулан дэмжиж ирсэн та бүхнийхээ итгэлийг алдалгүй ямар ч бэрхшээлийг сэтгэлийн хаттайгаар даван туулж зорилгодоо хүрэхийг хичээх болно.

БХБ-ын сайд, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Асар их үүрэг, хариуцлага явж байгаа

-Өнөөдөр сонгуульд нэр дэвших үнэмлэхээ авлаа. Энэ үнэмлэхийг харахад зүгээр нэг цаас хэдий ч цаана нь асар их үүрэг, хариуцлага явж байгаа. Улстөрийн үйл ажиллагааг шударга, зөв зарчмаар явуулах, багаараа Улсынхаа хууль тогтоомжийг дээдлэн ажиллах явдал гэж харж байна. Бидэнд итгэж, нэр дэвшүүлж байгаа намынхаа дэмжигчид, гишүүдийнхээ итгэлийг алдахгүй сайн ажиллах ёстой гэж бодож байна. МАХН сонгуулийн хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаанд нь танилцуулаад явна. Манай нам эмэгтэйчүүдийн квотоо барин ажиллаж, залуу лидерүүдээ дэмжих бодлого барьсан.

Бие даагч Б.Наминчимэд: Бие даагчид юу ч хийж чадахгүй гэдэг нь улс төрийн дампуурлыг харуулж байгаа юм

-Бие даагчид УИХ-д юу ч хийж чадахгүй гэх хандлага байна. Ардаа намгүй, бүлэггүй бол юм хийж чадахгүй гэсэн ойлголт ч байна. Энэ нь өөрөө манай өнөөдрийн улстөрийн дампуурлыг харуулж байгаа юм. Хэсэг бүлгээрээ бүлэглэж байж, асуудлыг шийддэг, тэр бүлэглэл нь асуудал зөв байна уу, буруу байна уу гэдэгт биш ерөнхий саналаар явцуу ханддаг. Тийм учраас хэн зөв байна, зөв харж байна гэдгийг олж харж чадахаа байсан. Өнөөдөр бие даагч байна уу, хэн байна гэдгээс ялгарахгүйгээр зөв бодлого, үзэл байр суурь илэрхийлээд явж байгаа бол бид түүнийг хамтраад дэмжээд явах учиртай. Үнэхээр өзв зүйл яриад явж байгаа хүн бол ганцаардахгүй, ажлаа амжуулаад явна гэж харж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Иргэдийн сонголт мэргэн байгаасай

-Сонгууль шударга болох ёстой. Өнөөдрийн нийгмийн бидний хамгийн үнэт зүйл бол сонгуулийн эрх. Сонгуулиар дамжуулж Монголын ард түмэн төрийн эрх барих эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа улс төрийн томоохон үйл явц. Тийм болохоор нийт олон түмнээ сонгуульд идэвхтэй оролцоосой гэж би уриалж байна. Монгол ардын нам Монголын төрийг цэгцлэх, энэ их өрийн асуудлыг шийдвэрлэж, ард түмнээ ядуурлаас гаргах зорилго тавьж сонгуульд оролцож байгаа. Ард түмэн дүнгээ тавина. Ард түмний маань шийдвэр, сонголт мэргэн байгаасай гэж хүсье.

Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслийн дарга Г.Уянга: Анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг сонгуульд нэр дэвшүүлж байна

-Сонгуулийн тухай хууль нь шинэ боловсон хүчин, шинэ нэр дэвшигчийг гаргахгүй байхад чиглэгдсэн гэж болно. Гэвч бид бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. Нэр дэвшүүлэлтийн хувьд аль болох чадварлаг боловсон хүчнийг УИХ-ын сонгуульд сонгон нэр дэвшүүллээ. Нэр дэвшигчдийн онцлог гэвэл анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг сонгуульд нэр дэвшүүлж байна. Параолимпийн аварга Д.Баатаржавыг манай иргэд сайн мэднэ. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалсан, амьдралд ойр хуулийг батална гэсэн чиглэлтэй байгаа. Түүнээс гадна манай нэр дэвшигчдийн дотор олон эмч нар бий. Элэгний хэмээн алдаршсан гавьяат Шагдарсүрэн эмч маань байна. Ер нь дээд боловсрол эзэмшээгүй нэг хүнийг эс тооцвол манай нэр дэвшигчид 100 хувь дээд боловсролтой. Эрдмийн зэрэг цолтой нэр цэвэр хүмүүс байгаа. Үүний зэрэгцээ УИХ-аас эмэгтэйчүүдийн 30 байсан квотыг бууруулж 20 болгосон боловч эвслийн нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хувь 28 байгаа нь өмнөх 30 хувь руугаа дөхсөн. Манай эвсэл өнгөрсөн 26 жилийн алдааг засч сайжруулахын төлөө бодлого тодорхойлж ажиллаж байна. Иймд сонгуулийн үр дүнд итгэлтэй байна гэлээ.

24tsag.mn