Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Бурханы шашны Сайн номуун хийдээс бурханы шашны тэмдэглэлт өдрүүдэд олон нийтэд хандсан буяны үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Жил бүрийн хүүхдийн баяраар тус хийдээс Налайх дүүрэгт амьдардаг амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг.

Тэгвэл энэ удаад намрын дунд сарын шинийн 4-ны өлзий учралт сайн өдрийг /2016 оны 09-р сарын 05-ны өдөр/ тохиолдуулан сайн тус хийдийн Хамба лам Сайнбуянгийн Нэргүй Налайх дүүргийн ерөнхий боловсролын таван дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсон нийт 900 бага насны сурагчдад хичээлийн хэрэгсэл гардуулж буяны арга хэмжээ зохион байгууллаа.

Сайн номуун хийдээс явуулсан арга хэмжээг эцэг эхчүүд талархан хүлээн авч, сургуулийн босго алхан орж байгаа бяцхан сурагчидад эрдэм номд шамдан суралцахад нь Бурханы шашны төвөөс дэмжлэг үзүүлэн хичээлийн хэрэгсэл бэлэглэсэнд бэлэгшээн талархаж байгаагаа илэрхийлээ.