ЭЦГ-ын “Хар тамхитай тэмцэх хэлтэс”-ийн алба хаагчид Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Буянт-Ухаа дахь гаалийн газартай хамтран 2016 оны 09 сарын 23 ны өдөр Монгол улсын иргэн “А”, “Д” нар нь урьдчилан үгсэн тохиролцож БНХАУ-ын Бээжин хотоос хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу мөс гэх бодисыг их хэмжээгээр Монгол улсын хилээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хилийн боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлэн ЭХТА-ийн 188.2, 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгалтын явцад холбогдогч “А”, “Д” нар нь ашиг олох зорилгоор дээрхи мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан болхыг тогтоосон ба дээрхи этгээдүүдийг ШШГЕГ-ын харья 461-р хорих ангид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна.

Мөн  ЭЦГ-ын “Хар тамхитай тэмцэх хэлтэс”-ийн алба хаагчид Тагнуулын Ерөнхий газартай хамтран 2016 оны 10-р сарын 12 ны өдөр Монгол улсын иргэн ”А”, “Д”, “М” нар нь бүлэглэн Сонгино хайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу мөс гэх бодисыг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулж байсныг илрүүлэн ЭХТА-ийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.  Шалгалтын явцад дээрх этгээдүүд ашиг олох зорилгоор дээрхи мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан болохыг тогтоосон ба иргэн “Б”-д  ШШГЕГ-ын харья 461-р хорих ангид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна.

Хар тамхи худалдан авах, хадгалах, борлуулах нь гэмт хэрэгт тооцогддог бөгөөд энэ тухай Эрүүгийн хуулинд заасан байдаг. Тодруулбал,

188 дугаар зүйл. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх

188.2.Хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.    

192 дугаар зүйл. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм,  бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах

 192.1.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Тиймээс хар тамхи хэрэглэж үзэх бодлоо орхиж,  хэрэглэх худалдан авах, хадгалж байгаа иргэний талаар мэдээлэл өгч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.