Зимбабве улс албан ёсоор юаньд шилжлээ. Өөрийнх нь үндэсний валют гэж үгүй бөгөөд, үүргийг нь БНХАУ-ын юань гүйцэтгэх юм.
Хятад улсад төлөх Зимбабвегийн 40 сая долларыг Бээжин цайруулж, юанийг хэрэглэх санал тавьсан тул дарангуйлагч Мугабе ийм шийдвэр гаргажээ. Урьд нь энэ улсад юань хэрэглэгдэж байгаагүй бөгөөд, ам. доллар, паунд, евро, ранд, пула зэрэг бусад улсын валют замбараагүй, албан бусаар ашиглагдаж байв.

Зимбабве долларын ханш унаж, 2009 онд 1 ам.доллар 35 квадрильон зим. доллартай тэнцэж байлаа. Тэгээд ард иргэд нь хэрэглэх аргагүйд хүрч, улс нь ч хорьсон. Хаа ч хүссэнээрээ, аль боломжтой валютаараа гүйлгээ хийцгээх болсон. 2016 онд бонднот гэх мөнгө гаргах гэсэн ч бүтэхгүй янзтай болохоор нь больсон.

Африктаа өндөр хөгжилтэйд ордог байсан, байгалийн баялаг ихтэй, аялал жуулчлал өндөр хөгжсөн байсан энэ улс Мугабе гэдэг эрх мэдэлд шунасан, популист дарангуйлагчаас болж ийм байдалд хүрчээ. Төрийн суртал ухуулга хамаг бурууг гадаад ертөнц рүү чихэж, тархиа угаалгасан ард олон нийгэмд юу хэрэгтэйг эс ойлгоно. 1980 онд тусгаар тогтносноос нь хойш Хятад хамгийн сайн найз нь байсан.

Ийм л болдог юм байна шүү дээ таминь ээ. Юу бодогдож байх юм? Африкийн өнчин ядуу, элээ тасны хоолнууд шиг болмоор байна уу? 40-хөн сая доллараар тусгаар тогтнолын нэг бэлгэдэл болсон үндэсний валютын эрхээ худалдлаа.

Монгол одоо ямар байгаа билээ. Өрнийхөө тоог алдсан шүү дээ. 20 гаруй, 30 гаруй, 40 гаруй тэрбум доллар гээд янз бүрээр ярьж бичээд байгаа. Хятадаас 40 сая биш, 4 тэрбум долларын зээл авах болсон нь Өмнөговь аймгаар барьцаалсан гэх шуугианыг үүсгэсэн. Энэ бүр юу ч биш, аваад л байх, аваад л байх хэрэгтэй гэж Чойжилсүрэн гэдэг аймшгийн сайд хэлж байгаа.

Удалгүй өрийн хүү, жил тутмын төлбөр ДНБ-ий 88%-д хүрнэ гэсэн. ДНБ гэдэг чинь монголчуудын олох ашиг биш шүү дээ, харийнхны олборлож цөлмөж байгаа, монголчуудад үр ашгаа өгдөггүй зэс, нүүрс зэргийн үнийн дүн. Өрийг тэд төлөхгүй, бид л төлнө, бид л элээ тасны ирээдүйн хоол болох гээд байна.

Зимбава нь автомашины аккумулятор хүртэл үйлдвэрлэчихдэг гэж байна, манайх бууз чимхэж суугаагаа буузны үйлдвэр гээд байж байдаг. Монголчууд гэдэг чинь өөрсдөөрөө бахархаад л бахархаад л байдаг, Зимбавагаасаа дор улс байж үү дээ?

Одоо аягүй бол худлаа худлаа л гэх биз. Эсвэл бусад нь ч яамай, би амжиж энэ улсаас юу хулгайлчих вэ, энэ улсыг яаж зарчих вэ, энэ улсаас яаж урвачих вэ гэж магад. Ийм л болчихоод байна даа. Арай бидний буян хишиг, тэнгэр заяа тэгэхгүй байлгүй ч гэх байх. Хаа байна аа, тэр буян хишиг. Амьсгалах агаар ч үгүй буян хишиг гэж байдаг юм уу. Тийм тийм ертөнцийн булай болсон орноос дээр байна, бид мөн азтай улс аа гээд л янз бүрийн үхсэн хатсан улсын зураг тавиад баярлаад байдаг. Зүйрлэх муу орон ч олдохоо байлаа. Ийм тэнгэр заяа байдаг юм уу. Элээ тас бол харин байна. Эх орныхоо төлөө, эх орноо аваръя, эх орон миь мандтугай гээд босно хөдлөнө гэж байхгүй юм. Хараад л суух. Эх орон эх хүн хоёр агаар нэгэн. Гэтэл ийм эх орноо үзэн ядсан юм шиг дүүрчихсэн улс байсан юм уу, монголчууд бид?

Ч.Мөнхбаяр