Манай улсын хэмжээнд баривчлах ял эдлүүлэх анги 1, жирийн дэглэмтэй хорих анги 11, чанга дэглэмтэй хорих анги 10, онцгой дэглэмтэй хорих анги 1, гяндан 1, насанд хүрээгүйчүүдийн хорих анги буюу хаалттай сургууль 1, эмэгтэйчүүдийн жир, чанга дэглэмтэй хорих анги 1 нийт 25 төвлөрсөн хорих анги үйл ажиллагаа явуулж байна.

Нийт хорих ангиудад 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 4000 гаруй ялтан ял эдэлж байгаагаас жирийн дэглэмд 1844, чанга дэглэмд 1998, онцгой дэглэмд 267, гянданд 83, баривчлах байранд 87 ялтан байна.  Монгол улсын хэмжээнд ял эдэлж буй эдгээр хүмүүс хүнд нөхцөлд ял эдэлж байгаа нь тогтоогдсон байна. Тухайлбал, 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах насанд хүрээгүйчүүдийн Хорих 411 дүгээр анги буюу хаалттай сургуулийн барилга нь 1960 онд ашиглалтад орсон, урсгал засвар норм, дүрмийн дагуу хийгдээгүйгээс хана таазанд чийг цохиж, мөөгөнцөртсөн, хонгилын модон таазны шавардлага хагарч хөндийрөн унах нөхцөл бүрдсэн, хучилт ханын хийц бүтээцэд ан цав үүсэж суусан нь барилгын бат бэх тогтвортой байдалд сөрөг нөлөөлөл үзүүлж байх тул барилгад үүссэн эвдрэл, гэмтлийг мэргэжлийн байгууллагаар тооцоо хийлгэж, зураг төсөл боловсруулан, засварын ажлыг эрх бүхий барилга угсралтын байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарчээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 8 дугаар 22-ны өдрийн 178 дугаар тогтоолоор Тахир соёот дахь Хорих 429 дүгээр анги буюу сүрьеэ өвчтэй ялтнуудыг тусгаарлан эмчлэх анги байгуулагджээ. Тус анги нь эмнэлгийн байгууллагаар сүрьеэ өвчтэй болох нь тогтоогдсон ялтнуудыг тусгаарлан эмчилдэг улсын хэмжээний ганц хорих анги юм. Ялтны амьдрах 1, 2, 3 дугаар байр нь нэг давхар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын (хуучнаар) цэргийн ангийн түр байрны зориулалттай ашиглагдаж байсан бөгөөд хуучирч муудсан, дээврээс дусаал гоожиж шавар шохой нурсан, хана туурга нь цуурсан, модон шал нь цөмөрч ховхорсон байдалтай байв. Уг ялтны байруудыг цаашид амьдрах зориулалтаар ашиглах боломжтой эсэх талаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гараагүй байна.

 Хорих 405 дугаар анги буюу гяндангийн байр нь 3 давхар, 73 хорих өрөөтэй, өрөө тус бүр хяналтын камерт холбогдсон бөгөөд хяналт шалгалтын үеэр 82 ялтан ял эдэлж байна.  Гяндан нь ялын төрөл үү, хорих ялыг эдлүүлэх хорих ангийн дэглэм үү гэдгийг Эрүүгийн хуульд тодорхой заагаагүй бөгөөд судлаачдын дунд ихээхэн маргаан гардаг юм. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.11 дэх хэсэгт гяндан нь хорих ангийн дэглэм байж болохоор, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт “ ... гучин жилийн хугацаагаар гянданд хорих ялаар солино.” гэж зааснаас үзэхэд  ялын төрөл мэт боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 46 дугаар зүйлийн 46.1.1-46.1.7 дахь хэсгүүдэд заасан ялын төрөлд гянданд хорих гэж тусгагдаагүй байна. 

Энэ мэтчилнэгээр хохир ангиудад анхаарал татсан хэд хэдэн асуудал байсаар байна. Үүнийг нь ХЭҮК судлдаад тогтоосон байна. Хүмүүжигчид  хэдийгээр эрхээ хязгаарлуулсан ч ийм орчинд байгаа нь хүнийэрх зөрчсөн үйлдэл. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол олон улсад ичиг болох нөхцөл бүрдээд байна. 

М.Мөнгөн