Нарантуул худалдааны төвийн даавуу бөс бараа худалдаалдаг хэсэгт энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр гал гарч лангуу түрээслэгч олон иргэдэд онц их хэмжээний хохирол учирсан юм. Уг хэрэгт дээрх захын инженер, харуул хамгаалалтынхныг татан Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж, тус дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Амгаланбаатар нарын долоон хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэжээ.

 

Нарантуул захын инженер болон эрх бүхий албан тушаалтныг галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын удаа дараа өгсөн шаардлагыг биелүүлээгүй, аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг хүлээсэн этгээд хууль тогтоомж зөрчсөнөөс онц их хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцжээ. Мөн харуул хамгаалалтын ажилтнуудыг бусдын эд хөрөнгө хамгаалах үүрэгтээ хайнга хандсанаас онц их хэмжээний хохирол учирсан буруутай гэж дүгнэсэн байна. Тиймээс Амгаланбаатар нарын хүмүүст 2-3 жил хорих ял шийтгээд уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэн харгалзахаар боллоо.