Монгол Улсын “Биеийн тамир спортын” тухай хуулийн 16.1 дэх заалтын дагуу Засгийн газраас дөрвөн жил тутамд нэг удаа  хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмуудыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн  Монголын Оюутны спортын “Универсиад” IV их наадмыг 2017 онд үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоолоор зохион байгуулах шийдвэр гарч, БСШУС-ын сайдын 2016 оны 12 дугаар  сарын 13-ны өдрийн А/155 тушаалаар “Зохион байгуулах хороо”-г байгуулан анхдугаар хурлаа хийгээд байна. Оюутны наадмыг спортын 10 төрлөөр, сонгож оролцох хоёр төрлөөр зохион байгуулахаар нэгдсэн зааврыг баталсан аж. Монголын Оюутны спортын “Универсиад” их наадмыг 2005, 2009, 2013 онуудад Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор спортын 14-18 төрлөөр зохион байгуулж байжээ. Улмаар Монгол Улсын хэмжээнд болон гадаадын  120 гаруй их, дээд сургуульд суралцаж буй 70 гаруй мянган оюутан залуусыг  хамруулан гурван  үе шаттай амжилттай зохион байгуулсан юм. Төр засгаас ийнхүү оюутны биеийн тамир, спортод анхааран ажиллаж байгаагийн үр дүнд  оюутан, залуусын спортоор хичээллэх идэвхи  нэмэгдэн, тэмцээн, наадамд оролцогчдын тоо, чанар жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Мөн дэлхийн оюутны “Универсиад” их наадам, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын оюутан тамирчдын гаргаж буй спортын амжилт өсч, шилдэг залуу тамирчид төрөн гарч байгаа билээ.