Ардын засаг төрийг үүсгэн байгуулагч, жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ.

1. МАН-ыг үндэслэгч, их жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр МАН-д  124 шинэ гишүүн элсэн орж, намын батлахаа гардан авлаа.

Өөрийн итгэл үнэмшлийн дагаж улс төрийн сонголтоо хийж МАН-д элссэн 124 залуучуудын нэг нь МУСТА Т.Дэлгэрмөрөн байлаа. 

 

2. Тусгаар тогтнолын ордны хоёрдугаар давхарт Д.Сүхбаатарыг сурталчилагч О.Баатарын хувийн цуглуулгаар түр үзэсгэлэнг нээлээ. О.Баатар нь энэхүү үзэсгэлэнгээ 52 дахь жилдээ гаргаж байгаа бөгөөд Д.Сүхбаатартай холбоотой гэрэл зураг, баримал, тэмдэг, мөнгөн тэмдэгт зэрэг 500 гаруй үзмэр дэлгэгджээ. 

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр О.Баатарт МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх МАН-ын дээд шагнал "Тусгаар тогтнол" одонг гардууллаа.

3. Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан тэргүүтэй төр засаг, намын удирдлагууд, гадаадын төлөөлөгчид, намын гишүүд, иргэд оролцлоо.

4.Баянзүрх дүүргийн 12-р хороонд байдаг их жанжны гэрийн буурьт хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд МАН-ын улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга С.Мөнхчулуун, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Г.Атармаа болоод МАН-ын гишүүд, Их жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсөд, Баянзүрх дүүргийн иргэд оролцлоо.

 

5.Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэн нээлтээ хийжээ. Энэхүү үзэсгэлэн долоо хоногийн турш иргэдэд үнэгүй үйлчлэх юм.

 

Уг үзэсгэлэнгийн нээлтэнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, жанжны зээ охин Д.Сүхжаргалмаа, зээнцэр О.Хүрэлсэх нар оролцлоо.

6. Ардын хувьсгалын их удирдагч, жанжин Д.Сүхбаатараар овоглосон хоёрдугаар сургуулийн сурагчид түүхэн үеийг харуулсан зургийн үзэсгэлэн болоод илтгэлийн тэмцээнийг зохион байгуулжээ.