АНУ-с хэрэгжиж буй ТЭРГЭНЦЭР төсөлд Монгол Германы хамтарсан Отгонбаяр сангийн нийт 50 хүүхэд, насанд хүрэгчид хамрагдан тэргэнцэртэй болох цаг ойртсон байна.

Энэхүү төслийг АНУ-д суугаа ЭСКА МОНГОЛ гэх хаягтай монгол бүсгүй болон түүний гэр бүл, найз нөхөд анх санаачилсан бөгөөд Дархан Уул Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны дарга Оюунаа эгчид, Монгол Германы хамтарсан Отгонбаяр сангийн Гүйцэтгэх захирал Ц.Энхбаяр, Тэргүүн Ц. Эрдэнэбаяр зэрэг олон сайхан сэтгэлт монголчууд хамтран ажилладаг байна.

Тэдний энэхүү сайн үйлст Монголын мянган мянган Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өмнөөс илэрхийлж байна.

Отгонбаяр Сан Монгол хүн Монголоо хөгжүүлнэ уриатайгаар дөрөв дэх жилдээ Хилийн чанадаас Монгол эх орондоо чиглэсэн сайн үйлсийн үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. 

Тэргэнцэр төслийн талаар уг төслийн санаачлагч бүсгүйн ингэж хэлсэн юм. 


Монголд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон томчуудад тэргэнцэр олж өгөхийг зорьж өнгөрсөн жил эхэлсэн энэ төсөл минь амжилттай явагдаж байгааг уламжлаад тэргэнцэрийн анкетуудыг бүрдүүлж өгсөн болон цаашид хамтран ажиллах аялал жуулчлалын Бүүжим компанийн Д. Ариунаа, олон улсын Ахиллис –Монгол байгууллагын О. Саранчулуун, Г. Мөнгөнөө , Ээлтэй ертөнц ТББ-ын Т. Туяажаргал, Чикаго монгол сургуулийн У. Сувданцэцэг, Отгонбаяр сангийн Н. Солонго, Дархан хот дахь Монгол хөгжлийн клубын Ц. Энхбаяр, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын ажилтан Б. Нарантуяа нартаа маш их баярлаж буйгаа илэрхийлье.

Энэ төсөл нь $55,000 орчим долларын төсөвтэй бөгөөд уг төслийн хүрээнд УБ, Дархан, Сэлэнгэ, Төв, Өмнө говь, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг аймгуудын нийт 160 хүүхэд шинэ тэргэнцэр, 40 том хүн шинэчилж засварласан тэргэнцэрийг үнэгүй хүлээн авахаас гадна нөхөн сэргээх эмчилгээний багаж төхөөрөмжийг хандивлах юм.

Одоогоор тэргэнцэрүүдийг угсарч савлаад ачихад бэлэн болж байна. Монгол түмэнд минь туслах саналыг дуртайяа хүлээн авахын сацуу ийм санаачлага гаргаж байгааг минь сайшаан хүлээн авч, тэргэнцэрүүдийг хандивлаж байгаа. Ингээд тэргэнцэрүүд Монголд очсоны дараа бид эндээс багаараа очиж, тэргэнцэрүүдийг хүлээн авагч тус бүрд нь тохируулж өгөх болно.


Яагаад тэргэнцэр төсөл?


2013 оны нэг өдөр Энхбаяр дүү утас цохиж “миний нэг найз Монголд байдаг найзынхаа хүүхдэд тэргэнцэр хайсан чинь олдохгүй байна гэнэ, та энэ талаар мэдэх үү” гэхэд нь тэр үед энэ талаар би огт сураг чимээ сонсоогүй байсан ч хажууд байгаа нөхрөөсөө асуухад нөхөр минь намайг хүмүүстэй танилцуулж тэргэнцэрийн сураг гаргаснаар тэр хүүхдэд энэ зураг дээрх тэргэнцэрийг явуулж байсан билээ.

Ингээд дараа нь Монголд маань ийм хүүхдүүд хэр олон байдаг бол гэсэн бодол төрж, судалж эхлэхэд миний санаснаас маш өндөр тоо гарсан учир бага ч болов, нэг ч гэсэн хүнд нэмэр тус болохыг хүсэж энэ талаар хөөцөлдөж эхэлсэн юм.


Ингээд бүгдээрээ удахгүй уулзаж, хөөрхөн хүүхдүүдээ УНААТАЙ болгоно оо.

Та нартаа баярлалаа.