Хэнтий аймагт ММСЗУХ-ны салбар зөвлөл байгуулагдлаа
2017/02/06
Монголын морин спорт залуу уяачдын холбооны шинэ оны анхны салбар хуралдаан өнөөдөр Хэнтий аймагт дөнгөж сая боллоо. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Монголын морин спорт залуу уяачдын холбооны тэргүүн Д.Гантулга, Хэнтий аймгийн бүх сумдаас ирсэн залуу уяачид оролцож байна.
Хуралдааны эхэнд "Залуу малчдыг дэмжих аян"-ы хүрээнд А.Нямдаваад 50 эм төлөг гардуулан өгсөн. Залуу малчин А.Нямдаваагын хувьд баярлалаа тулгамдаад хэлэх үг олдохгүй байна гэдгийг хэлэв.
Хэнтий аймагт ММСЗУХ-ны салбар зөвлөл байгуулагдаж байгаатай холбоотойгоор Хэнтий аймгийн Мөрөн сумын ИТХ-ын төлөөлөгч, “Дэлгэрмөрөн морин” уяачдын холбооны тэргүүн, Алдарт уяач н.Энхсүх 500 000 төгрөг хандивласан юм.
Үүний дараа ММСЗУХ-ны Хэнтий аймаг дахь салбарын тэргүүн болон тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлж сонгох ажиллагаа эхлүүлсэн юм. ММСЗУХ-ны Хэнтий аймаг дахь салбар 17 тэргүүлэгч гишүүнтэй ажиллах саналыг энэ удаагийн хуралдааныг зохион байгуулах ажлын хэсгээс гаргасныг 100 хувь дэмжсэн.
ММСЗУХ-ны Хэнтий аймаг дахь салбарын тэргүүнд холбооны тэргүүн Д.Гантулга Х.Ганчулууны нэрийг дэвшүүлсэн. Улмаар хуралд оролцогчдын 100 хувийн саналаар Х.Ганчулуун Хэнтий аймаг дахь ММСЗУХ-ны тэргүүн болсон юм.
Х.Ганчулуун нь 1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 2002-2006 онд ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуулийг төгссөн. Улмаар ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн. Одоо Багануур зүүн бүсийн цахилгаан түгээх ТӨХК-ийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа.
Үүний дараа Хэнтий аймаг дахь салбарын тэргүүлэгч гишүүдийг сонгож, тэргүүлэгчдийн хуралдаан болсон юм.
Хүүхэд залуучууд, гэр бүл хөгжлийн газраас Хэнтий аймаг дахь ММСЗУХ-ны тэргүүнд хандан "Тэмцээн уралдаан зохион байгуулахдаа стандартын хувцас хэрэглэл унаач хүүхдүүдээ өмсүүлж байх, аюулгүй байдлыг хангахыг уриалж" хурдан морь унаач хүүхдийн иж бүрэн хувцас хэрэглэл гардуулан өгсөн.