ГССҮТ, “Эрүүл энхийн төлөө” ТББ хамтран “Нэг гэр бүл,  нэг амь” үндэсний зорилтот хандивын аяныг эхлүүллээ.

Дэлхий дахинд түлэгдэлтийн шалтгаант гэмтэл нь хүний амь насанд хөнөөлтэй өвчний нэг болж байна. Ялангуяа бага насны хүүхэд аюултай нөхцлийг бүрэн гүйцэд ухамсарлах чадвар хязгаарлагдмал, эсрэг хариу үйлдлийг хурдан үзүүлж чадахгүйгээс аливаа аюулд илүүтэй өртөж, үүний улмаас нас барах, өвчлөх, тахир дутуу болох тоо жилээс жилд нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Монгол Улсын хэмжээнд 2016 онд түлэнхийтэй холбоотой яаралтай тусламж авсан 6284, үүнээс 0-5 насны хүүхэд 3800 буюу 60.4 хувь, хэвтэн эмчлүүлсэн 1489 хүн байдгаас 1034 буюу 69.4 хувь, 0-5 насны хүүхэд, түлэгдэлтийн улмаас 79 хүн нас барсны 52 нь буюу 65.8 хувь нь 0-5 насны хүүхэд байдаг гэсэн статистик тоо бий.

“Эрүүл энхийн төлөө” ТББ-ын тэргүүн Ч.Гүнжидмаа хэлэхдээ, “Энэхүү аяны хүрээнд ГГСҮТ-ийн түлэнхийн тасагт нэн шаардлагатай арьс нөхөх, ариутгалын аппарат зэрэг халдвараас сэргийлсэн тоног төхөөрөмж авч өгөхөөр зорьж байна. Бүх тоног төхөөрөмж худалдан авахад 150 сая төгрөг шаардлагатай. Нийт 130 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгжээр хандивын хайрцаг аялуулна. Албан байгууллага, хувь хүмүүсийг энэхүү хандиван аянд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.

Тус хандивын аян ирэх сарын 05-ныг хүртэл үргэлжлэх юм.