УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр болсон хаврын чуулганы төсвийн тодотголын үеэр татвар нэмэхийг эсэргүүцэж жагсаал хийх болсон талаар мэдэгдлээ.

Тэрээр "Намын бүлгүүдийн хуралдаан, та бүхний хууль баталж байгааг хараад гуниг төрж сууна. Та нар ОУВС-д орох гэж улайран зүтгэж, Монгол Улсын засаглалын тусгаар тогтнолыг шилжүүлчихлээ. Намын бүлгүүдийн хурлыг сонсож байхад бие биенийгээ чи ч идсэн, ингэсэн тэгсэн л гээд байх юм. Олон жил өнгө нь солигдож, АН, МАН хоёр иргэдийг хуурлаа шүү дээ. Одоо долоон татварыг нэмэх тухай ярьж байна. Танай намууд хоёулаа болиоч ээ. Одоо болсон. Амлалт дээр чинь байна. Ахмад настны тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй гэж. Сонгуульд нэр дэвшиж байхдаа мэнчийж улайрч, мэнэрч зүтгэсээр 65-уулаа орж ирсэн биз дээ. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар оруулж ирэхгүй гэж цагаан дээр хараар бичсэн амлалт чинь энэ байна. Амлалтдаа хүрэхгүй байж Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ гэвэл санасны чинь гарз шүү. Намайг энд ямар ч нэмэргүй хүн гэж бодоод байх шиг байна. Надад энд эрх мэдэл, үүрэг алга л даа. Энд 75 хүний эсрэг С.Жавхлан ганцаараа байгаа шүү. Харин гадаа гараад монголчуудтайгаа нэгдэхээр ганцаараа байна уу, үгүй юу хараарай. Татвар нэмэх асуудлыг эсэргүүцэж, жагсаал хийнэ. Цаашлаад УИХ-ыг тараах хэмжээний жагсаал хийнэ. Та нарын татвар нэмэх асуудал зөв юм уу, буруу юм уу гэдгийг түмэн олноос асууна. Маргаашнаас би жагсана. Хэрэв миний буруу байвал би бууж өгнө” гэв.