“Түүгээр явсан гайг үүгээр дуудав” гэгчээр оффшор бүсэд данс эзэмших тухай нийгмийн эсэргүүцлээр шоу хийх гэсэн улстөрчид өөрсдийнхөө хүзүүнд олс углачихлаа. Ухаандаа, төрийн бодлого зөв байдаг гэдгийг харуулахын тулд төрийн өндөр албан тушаалд ажиллах Дорж, Дулмаа хэн ч бай оффшор бүсэд данс эзэмшихгүй байх хуулийн зүйл заалтыг хэлэлцэж батална хэмээн УИХ-ын дарга М.Энхболд чуулганы индэр дээрээс амласан билээ.

Тиймдээ ч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталсан юм. Засгийн газраас уг нь энэ хуулийг зөвхөн төрийн албанд ажилладаг 37942 албан хаагчдад хамааралтай байхаар оруулж ирсэн ч хэлэлцэх явцад 360 градус өөрчлөгдөж төрийн албан хаагчдаас гадна түүнтэй хамааралтай, ах дүү, амраг садан, эхнэр, нөхөр бүр найз нөхдийг нь хүртэл шалгах хууль болж хувирав.

Хэтэрхий их улстөржилтөөс үүдэн ямар гэгчийн гайг өөртөө нааж орхисноо улстөрчид тун ч хожимдож ойлголоо. Өөрсдийнхөө толгойд олс угласнаа ухаарч, оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хоёр талцан хэрэлдэж эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд С.Бямбацогт “Хийрхэл, хэт их улстөржилт юунд хүргэж болдгийг энэ хууль бодитой жишээ болж харагдаж байна. Өнөөдрийн ярилцаж байгаа асуудлуудыг өнгөрсөн оны аравдугаар сард хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байх үед л ярилцаж байсан шүү дээ.

Засгийн газраас өргөн барьснаар буюу 37942 төрийн албан хаагч хамрагдана гэж орж ирсэн ч оффшорчдыг УИХ, Засгийн газар хамгаалж байна гээд нийгмийн давалгаа үүсч, тэрэнд нь улстөрчид шахагдаад 37942 төрийн албан хаагчид болон тэдний эцэг эх, эхнэр нөхөр, хамаатан садан  нэгдмэл сонирхолтой этгээдүүд гээд нэмж оруулаад баталлаа. Оффшорыг өргөн хүрээнд батлах ёстой гэсэн гишүүд өнөөдөр арай өргөн хүрээтэй болчихлоо гээд сууж байна. Засгийн газрын өргөн барьсан хуульд данс эзэмших, хувьцаа эзэмшихийг хориглох байсан.

Гэтэл гишүүд хэлэлцүүлгийн явцад хөдлөх, үл хөдлөх хөрөнгө авахыг хориглож байгаа юм. Жишээ нь төрийн албан хаагч гадаадад явж байхдаа бугуйн цаг авах боломжгүй болчихлоо. 300-400 мянган хүнд энэ хууль хамаарах болчихоод байна. Бүр нэг сая ч байж мэднэ. Нийгэмдээ хөтлөгддөг асуудал ийм байдалд хүргэж байна” хэмээн бухимдав. Хэдхэн хоногийн өмнө оффшор бүсэд данс эзэмшдэг хүмүүстэй хатуу хариуцлага тооцно хэмээн мэдэгдэж байсан Ц.Даваасүрэн гишүүн хүртэл энэ хууль хэтэрхий өргөн хүрээг хамарч байгааг шүүмжилсэн бол Ө.Энхтүвшин гишүүн хуулийн ачаар ах дүүгээ мэдэлцэж, 250 хамаатан садан руугаа утас цохихоос өөр аргагүйд хүрлээ хэмээн бухимдаж байсан юм. Твиттер хуудсанд өс санасан хүнийхээ овог, нэр регистрийн дугаарыг олж авсан л бол Панамын арлуудын аль нэг улсад данс нээж хорлох тухай ч хэлэлцүүлэг өрнөөд амжлаа.

42 улс орноос нэг ч төгрөгийн худалдан авалт хийх эрхгүй болох вий

Энэ хууль батлагдсанаар ирэх жилээс эхлэн төрд ажилладаг иргэн Дорж та хамаатныхаа бүх хүн рүү утас цохиж гадаадад ямар нэгэн данс эзэмшдэг эсэхийг нь судлана гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгийг нь ч хураалгаж, эс бөгөөс устгалд оруулна. Цаашлаад Хөрөнгө орлогын мэдүүлгийн хуудсыг шинэчлэх бөгөөд төрийн албанд ажилд орохын тулд өөрийн үр хүүхэд, аав ээжээс гадна, эхнэр нөхөр хоёр бүх ах дүү, амраг садантайгаа холбоо барьж, бизнесийг нь боож хаагдуулах нь.

Монгол тун жижигхэн. Хуульд хамаарал бүхий этгээд гэсэн үг орсноор төрийн албанд ажилладаг 37942 иргэний ард байгаа бүх хүн татварын хөнгөлөлттэй орчинд бизнес хийж олсон мөнгөө хадгалуулах, ямар нэг компани байгуулах, бүр тэдгээр улс орнуудаас машин худалдаж авах боломжгүй болж байгаа юм. Таны үнэтэй гар утас, цаг, үнэт эдлэл чинь хүртэл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтад багтах учиртай.

Нарийн тоо гаргах боломжгүй ч татварын хөнгөлөлттэй бүсэд нийт 42 улс хамардаг аж. Тухайлбал, оффшор бүсэд Британийн Виржин арал, Бермуд, Кэймэн арал, АНУ, Малайз, Гонконг, Нидерланд, Люксембург, Лихтенштэйн зэрэг улс орнууд байгаа юм. Дэлхийн улс орнууд эдгээрийг бизнесийн салбарт тун өргөн хэрэглэдэг. Манай компаниуд ч ялгаагүй эрүүлээр ашиглаж болох л байсан. Татварын хөнгөлөлттэй бүс нутагт бизнес явуулах нь дэлхий дахинд байдаг л эрүүл үзэгдэл. Гэвч манайх үүнийг улс төрийн зорилгоор, тэр тусмаа нэг хүний нэр хүндэд халдах улс төрийн явцуу эрх ашигт нийцүүлснээс үүдэж ард түмэн оффшор бүсийг “хадны мангаа” гэж ойлгожээ.

Оффшор бүсэд данстай хэн бүхнийг “ад зэтгэр” мэт үзэж, жагсаал цуглаан хийхдээ хүрч байгаа юм. Эдийн засгийн талаасаа эерэг зүйл байдгийг ойлгуулж чадаагүйн хар гай ийнхүү гарлаа. Улс төрийн зорилгоор, авлигад авсан мөнгөө нуухын тулд буруу ашиглаж болохгүй гэдгийг л хуульчлах атал хэтэрхий өргөн хүрээг хамруулж, төрийн гэмгүй албан хаагчдын ар гэрийг хүртэл хамаатуулж орхисон учраас АТГ-ынхан ажлаа дийлэхгүйд хүрэх вий дээ.

Үргэлжлэлийг эндээс