МАН-ын VIII Бага хурал өнөөдөр болно. Бага хурал нь 310 гишүүнтэй бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах юм.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхээр ахлуулсан ажлын хэсгүүд 21 аймгийн 15-д нь ажиллаж, иргэдийн санаа бодлыг сонсохын зэрэгцээ намын ажилтны улсын зөвлөгөөнөө таван бүст хуваан зохион байгуулсан. Энэ үеэр МАН-аас ямар хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл зохих талаар намын анхан шатны байгууллагын 1700 гаруй гишүүдийн саналыг сонссон байна.

Өнөөдөр болох Бага хурлын эхэнд иргэд сонгогчид, намын гишүүд, идэвхтэн дэмжигчдийн санаа бодлыг сонссон судалгааг танилцуулахаар төлөвлөжээ. Улмаар Монгол Улсын долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сонгон олон нийтэд танилцуулах юм.