“Шунхлай трэйдинг”, “Жаст ойл”, “Сод Монгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох гомдлыг Улсын Дээд шүүхэд хэлэлцээд компаниудын талд шийдвэрийг гаргасан.

Тодруулбал, дээрх компаниуд 2012 оны нэгдүгээр сард хуучнаар ЭБЭХЯ-нд хуралдаж, шатахууныхаа үнийг нэмэхээр шийдвэрлэсэн. Үүнийг нь ШӨХТГ-аас хууль бус хэмээн үзэж, торгууль ногдуулсан юм. Үүнийг “Шунхлай трэйдинг”, “Жаст ойл”, “Сод Монгол групп”-ийн удирдлага эс зөвшөөрч, захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх компаниудыг торгосон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоож, торгуулийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна. Шүүхийн дээрх шийдвэр, магадлалыг ШӨХТГ-аас эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргасны дагуу Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хурлаар хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ШӨХТГын гомдлыг хэрэгсэхгүй болгосон юм. Тэгвэл ШӨХТГ-ын дарга О.Магнай удахгүй энэ талаар хэвлэлийн хурал хийнэ гэдгээ цахим хуудсаараа мэдэгдлээ.

ШӨХТГ-ынхны зүгээс  компаниудыг торгосон тогтоолдоо хатуу байр суурьтай байж, Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандахаар төлөвлөж байгаа аж.

Х.Даваа