Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэзээний л шударга нэгэн. Энэ зан чанараараа бараг л Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржтой дүйж буух учиртай.

Тийм ч учраас тэрбээр “МИАТ”-ийн хэрэгт холбогдогчид хоорондоо утсаар ярьж байгаа нь хүндрэл учруулж байна” хэмээн ил тодоор мэдэгдэв. Арай хийж албан тушаалтны гэмт хэрэгтэй тэмцэх эрхтэй болсон чинь нөгөөдүүл нь өөр хоорондоо утсаар яриад баллаж тавьж байгаа юм байх. Өөрийнх нь ярьсан ярианаас сийрүүлбэл “Шалгалтын явц үргэлжилж байна. Харамсалтай нь, МИАТ-ын хэрэгт холбоотой цагдан хоригдож байгаа хүмүүс утсаар бүх зүйлээ хоорондоо ярьж байна.

Бид утсаар хаашаа ярьсныг нь шалгахад хэрэгт холбоотой хүмүүстэй ярьсан байсан. Ийм нөхцөлд хэрэг мөрдөлтөд хүндрэл учруулж байгаа. Сэжигтнүүд өгсөн мэдүүлгээ өөрчилж, хоорондоо тохирсон зүйлээ ярьж эхэлсэн” гэж.

Үгүй мөн аймар аа. Энгийн иргэд шоронг эрх чөлөөний хаалт, хашлага гэж ойлгодог. Тэнд орсон хүн өрөөл бусадтай мэнд мэдэж, мэдүүлгээ өөрчлөх нь битгий хэл хүйтэн хананы дунд үгээ хэлж, үйлээ бардаг гэж боддог. Чухам л ёстой үнэнийг өчихөөс өөр аргагүй байдалд ордог болов уу гэж найддаг. Гэтэл үгүй юм байна.

Хууль зүйн сайдын хэлснээр бол МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон, тус компанийн коммер, санхүү хариуцсан захирал асан Ч.Хоролсүрэн, нягтлан Н.Гантөмөр болон Ц.Орхоны эхнэр, Ч.Хоролсүрэнгийн дүү тэргүүтэй сэжигтнүүд өөр зуураа утсаар ярьж, буу халсан шигээ суудаг аж. Улмаар шоронд хоригдоод сар орчим болж буй тэд эхний өдрүүдэд өгсөн мэдүүлгээ өөрчилж амжсан гэнэ. Энэ янзаараа тэд дор бүрнээ адал явдалт киноны гол дүр болчихсон, зохиолыг нь хамтдаа бичиж байхыг ч үгүйсгэх аргагүй. Ингэснээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр үгээ хэлж, ацан шалаанд орсноо хэвлэлээр гайхав. Магадгүй тэрбээр энэ үгийг нуух ёстой байсан байж мэднэ. Нэр төрөө бодоод шүү дээ. Гэхдээ үнэнийг дэлгэснээрээ зөвдсөн байхыг ч үгүйсгэх аргагүй. Гол нь дээрх мэдээллийнхээ араас Х.Тэмүүжин сайд нэн яаралтай Монголын шоронгууд дахь элит хоригдлуудын эрх ямбын нууцыг шалгах хэрэгтэй санагдав.

Өнгөрсөн хугацаанд та бид чамгүй олон томчууд албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр ял эдэлж байсныг мэднэ. Гэвч тэдний олонх нь хорих газруудад тусгай камер байгуулж, тэндээ амралтанд явсан амрагч мэт аашилдаг тухай дуулж байсан. Үүгээрээ өөрсдийгөө элит зэрэглэлийн хоригдол болохыг нотолдог гэж байгаа. Тэр бүхнийг тоочин өгүүлэх нь аюулгүй байдалд бэрхшээл учруулж мэдэх тул хэвлэлүүд ерөнхийдөө бол амаа хамхидаг. Гэсэн ч цаагуураа “Тэр өрөөгөө олон сая төгрөгөөр тохижуулж гэнэ”, “Тэр долоо хоногийн тэдэн өдөр тусгай хоол захиалж тансагладаг гэнэ”, “Эхнэр, хүүхдээ хүссэн үедээ нэвтрүүлдэг гэнэ”, “Хянагч нартаа мөнгө өгөөд утсаар ярих эрхтэй болдог гэнэ” гээд л таамаг сураг мэт хэрнээ үнэн бодит мэдээллийг сонссон нь олонтаа. Тэр хэрээр тухайн шорондоо өөрийн нөлөөллийг олж, дээрэлхдэг, зоддог нөхдийг дарж авдаг гэж байгаа. Энэ бол үнэн нөхцөл байдал. Үүний илрэл нь Хууль зүйн сайдын ярилцлага.

Тэгвэл МИАТ-ийн хэрэгт сэжиглэгдэж буй албан тушаалтан хийгээд ах, дүү, эхнэр, нөхрүүд өөрсдийнхөө утсыг шоронд барьж ороогүй нь тодорхой. Гагцхүү дэргэдэх хоригдлынхоо нууц утсаар эс бол хянагч нарынхаа тусламж, дэмжлэгээр ярьж байгаа гэвэл үнэнд ойр байж мэднэ. Цаашлаад нэг бус нэлээд хэдэн шоронд өөр, өөр цэгт хоригдож буй тэдний хувьд утасны дугаараа солилцоно гэдэг тийм ч амар ажил биш. Тэгэхээр дугаарыг нь хэн нэгэн хүн өөр, хооронд нь дамжуулж, холбож өгсөн байж таараа. Ингээд бодохоор энэ бүхэн энгийн асуудал биш юм. Хоригдол болон гэмт хэрэгт сэжиглэгдэж буй сэжигтний эрх хуулиар хязгаарлагддаг. Тухайн хорих байгууллагын ажилтан, албан хаагчид нь зөвхөн тэр хуулийг мөрдөж, тэдний хязгаарлагдсан эрхийг хязгаарлах үүрэгтэй. Энэ утгаараа бүх хоригдол тэгш эрх, тэгш хязгаарлалттай байх учиртай. Шоронг үүний тулд байгуулж, үүний тулд төрөөс санхүүжүүлдэг. Үүний тулд хоригдлуудыг нийгмээс тусгаарладаг. Харамсалтай нь энэ хууль элит зиндааны хоригдлуудад үйлчлэхгүй байгаа нь энэ.

Албан тушаалаа урвуулан ашигласан, авлигын хэрэгт холбогдсон мөнгөтэй бүхэн тэрхүү элит зиндааны хоригдлын тоонд багтана. Тэр хэрээрээ хорих ангийг хорих биш амралтын газар болгон хувиргаж, хянагч болон хоригдлуудыг хам хэрэгтнээ болгодог ч байж болох.

Өөрийнхөө эрх ямбын төлөө шүү дээ. Иймд элитийн гэх тодотголтой хоригдлоо хянаж, хорьж чадахаа байсан хорихын удирдлагуудтай хариуцлага тооцох цаг болсон юм биш үү, Х.Тэмүүжин сайд аа. Хэвлэлд аргаа барж байгаагаа учирлаж сууснаас “Энэ хэргийг илрүүлэхэд саад учруулсан тул хорихын удирдлагуудыг ажлаас нь халлаа” гэхэд л хангалттай шүү дээ. Хэрэв өнөөдөр л өөрчилж чадахгүй бол маргаашийн мөрдлөг, маргаашийн шалгалт тань дахиад л үр дүнгүй болж мэдэх юм.

Тиймээс дахин сануулъя. Хоригдлоо давраасан хорихын дарга нарыг ил тодоор зарлаач гэж. Зарласан хойноо тооцох хариуцлагаа ч тодорхой болгох учиртай биз. Мэдээж элитийн зэрэгт багтсан нэр бүхий хоригдлууд хориноос албан бусаар суллагдаагүй л бол шүү дээ.

 Г.Отгонжаргал