Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Монголын их хатдын туульс”  бүжгэн жүжиг тоглохоор бэлтгэж байгаа талаараа дуулгалаа. Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг есөн хатны түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй “Монголын их хатдын туульс” бүтээлээ энэ сарын 14-16-ны өдрүүдэд тайзнаа амилуулах юм.

Энэхүү бүжгэн жүжгийн ерөнхий продюссерээр Г.Цоггэрэл /ҮДБЭЧ-ын захирал/ ажиллаж байгаа бөгөөд бүжгэн жүжгийн цомнолыг Н.Болд /ҮДБЭЧ-ын дэд захирал/ бичжээ.

Гол дүрүүдэд нь Гоо марал- бүжигчин МУСТА С.Цэцгээ,  Алунгоо эх- бүжигчин МУСТА Г.Уянга, Өүлэн эх– бүжигчин МУСТА Т.Ариунжаргал, Бөртэ хатан- бүжигчин МУСТА Т.Мөнхцацрал,  Дөргөнө- бүжигчин МУСТА Э.Номин, Сорхагтани хатан - бүжигчин МУСТА М.Бямбаа,  Чимбай- бүжигчин Л.Энхболор, Самар- бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа, Мандухай - бүжигчин МУСТА Ж.Мандухай нар тоглох ажээ.

Тус бүжгэн жүжгийн Сорхагтани хатны дүрд тоглож буй бүжигчин М.Бямбааг уншигчид та бүхэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киноны Яргуйн дүрээр нь сайн танина. Царайлаг, авьяаслаг бүсгүй маань чадварлаг бүжигчин төдийгүй чамлахааргүй сайн жүжиглэдэг гэдгээ үзэгч олондоо харуулаад авсан билээ. 

Ингээд түүний "Сорхагтани хатан"-ы дүрд тоглож буй бэлтгэлийн үеийн зургийг нийтэлж байна.

Д.Ана