Нийтлэлч Б.Баабар “Инвест Монголиа” чуулга уулзалтад оролцож хэлсэн үг сошиал орчинд талцал дагуулж буй. Тэгвэл твиттерийн идэвхтэй жиргээчдийн нэг Бат инженер “Баабар гуайн үгэнд гашуун үнэн ч байна, худал панаал ч байна. Ер нь нэг л юм тун ойлгомжтой байна. Тэр хүн нийгмийн луужин байхаа нэгэнт больчиж” хэмээн жиргэжээ.

Б.Баабарын хэлсэн үгнээс ишлэн хүргэхэд “Өнөөгийн Монгол оронд нийтлэг нийгмийн сэтгэлгээ, үүнээс гарсан үр дүн дээрхитэй бараг тэр чигээрээ адилхан. Монголчууд өөрснийгөө төрийн хоёр мянга гаруй жилийн уламжлалтай, Чингисийн төрийн дэг журамтай гэж түүгээрээ ихэд бахархдаг. Гэвч үнэндээ 200 жил Манж Чин улсын, 100 жил Оросын эрхшээлд вассал явсан учир орчин үеийн төр өөрснөө байгуулах бололцоо ердөө гуч хүрэхгүй жилийн өмнөөс бүрджээ. Нэг үгэндээ энэ хооронд өөрийн мэдэлгүйгээр бусдын нөөлөг, эрхшээлд байсан учир хэдэн мянган жилийн өмнөх уламжлал таг мартагдсан. Тэгээд ч тэр нь орчин үеийн төрийн тогтолцоотой огт хавьтахгүй. Дэндүү өргөн уудам нутагт маш цөөн хүн амьдардаг нүүдэлчдийн дунд бэлчээрийн маргаан зөрчил мөнхөд оршиж байсан нь харин баттай уламжилж ирсэн учир биенийгээ болон гадны улсын алив хамтын ажиллагаа болгоныг бэлчээрт өнгөлзөх явдал гэж үзэн хардана, харамлана. Өдгөө хүн амын 80 хувь нь бэлчээрийн мал аж ахуйтай ямар ч холбоогүй амьдарч байгаа мөртөө бухал манасан нохой мэт. Хамтын эрх ашиг, хамтын ашиг сонирхол гэдэг нь ойлголтоос нь гадуур учир ийм юмыг зөвхөн хардлагын нүдээр тодорхойлно. Оюутолгойн гэрээг маш шударга бус болсон, ясандаа тултал дээрэмдүүлж байна гэж хүн амын 90 хувь нь баттай үнэмшиж байгаа. 1990-2000 оны хооронд Япон улс ЗХУ-ыг орлож энэ оронд тусламжийн гараа сунгасан. Харин үүнийг Японы арал удахгүй живэх гэж байгаа учир тэд сайндаа биш ирээдүйд Монголд суурьших санаатай гэсэн үзэл бодол нийтийг хамарч байсан. Монголд хөрөнгө оруулаад олон улсын бирж дээр мөнгө босгосон олон тохиолдолд тэр цугласан мөнгийг өөрсдийнх гэж ойлгодог ба үүнийгээ дээрэмдүүлчихлээ гэсэн бодол бараг монгол хүн болгонд бий. Бидний нээсэн хамгийн том нээлт бол “Гадаадынхан бидэнд туслах гэж ирээгүй, цөлмөх гэж байна” гэсэн аксиом. Мэдээж хэн ч зүгээр л туслах гэж ирээгүй нь ойлгомжтой ч, хамтарч ажиллаад бий болсон ашгаа шударгаар хуваая гэж байгаа. Шударгаар хуваана гэдгийг шууд л шулна гэж ойлгодог учир дайсагнана, хөөж тууна. Энэ нь нийгмийн тодорхой хэсэгт ашиг өгдөг үндсэн ажил хэрэг нь болсон. Ер нь байгалийн баялагтай хоцрогдсон оронд хөрөнгө оруулна гэдэг маш эрсдэлтэй алхам. Үүний жишээ дэндүү элбэг, дэндүү тодорхой. Ийм нийгэмд нэр хүндтэй арвин туршлагатай шударгаар өрсөлддөг компани орж ирдэггүй, орж ирсэн ч нэг удаа алдаад дахиж шагайдаггүй. Харин элдэв заль мэхтэн, хуурамч нэр зүүгчид ханддаг нь коммунизмын задарлын дараах бүхий л орнуудад элбэг харагдаж байлаа. Сүүлийн хориод жилийн туршлагаас харахад Монгол улс нь гадны хөрөнгө оруулахад нэн аюултай, эрсдэлтэй орон гэдгээ харуулсан. Эндээс нэг бус гадны хөрөнгө оруулагч маш их хохирол амсан гарсан. Энэ байдал лавтай ойрын 10-15 жилд засрахгүй. Монголд хөрөнгө оруулж болох ганцхан салбар буй нь уул уурхай. Бидэнд гадагш нь зарах өөр юу ч байхгүй. Хивс, мах, гэр, ноолуур, сүүлний тосон саван, жамц давс гээд тоолж болох авч үүний бүх нийлбэр нь үнэ цэнэт ганц гайгүй уурхайн үнэд хүрэхгүй. Гэхдээ Монгол улсад, монголчуудад хоцрогдсон бусад орнуудтай харьцуулахад өөрийн олон давуу чанар бий.

-Нийтээр бичиг үсэгтэй болоод жар шахам жил болж баййна. Юутай ч чанар биш гэхэд тоон утгаараа 10 мянган хүнд ноогдох оюутан, сэхээтэн, доктор профессорын тоогоор дэлхийнд тэргүүлэх эгнээнд яваа. Ямар ч шинэ нөхцөлд дасан зохицож өөрийгөө аваад гарах монгол хүний чадвар маш өндөр. Ямар ч юмыг хурдан сурч түргэн эзэмшиж өөрийн болгох авъяастай. Худлаа ч бай, үнэн ч бай юутай ч юун түрүүн боловсрол мэдлэгтэй болох ёстой гэсэн нийтийн ойлголт давамгайлдаг. Маш их бардам, биеэ тоосон, индвид сэтгэлгээ нь зөв гольдролд орох юм бол хөгжлийн асар том капитал юм.Монголчууд бараг дан ганц үндэстнээс бүрдсэн учир хэрэвзээ омог отгийн хуваагдал руу хальтрахгүй бол нийгмийн зөвшилд амархан хүрч болно. Монгол хүн хэр баргийн хүнд нөхцлийг даван туулах тэвчээрлэг чанартай. Монгол хүний шинэ содон юм, техник технологийн дэвшилд сонирхон шимтэх нь их сайн тал. Эрх чөлөөний мэдрэмж монгол хүнд бараг төрөхтэй нь хамт буй болдог. Монголчууд ямар нэг шашин, ёс заншил, үзэл суртлын дарамтаас үргэлж ангид байж чаддаг, хэрэв тийм дарамт ирвэл аргалаад өнгөрөөн ард нь гарч чадна.

Өөр нэг сүрхий сонирхолтой онцлог гэвэл хэдийгээр авилга луйварын олон бүлэглэлтэй боловч аль нь ч удаан ноёрхож чаддаггүй. Монгол бол чөлөөт ардчилсан орон. Чухам үүний буянаар бүлэглэлүүд хэнийгээ ч дээш гаргах хүсэлгүй учраас харилцан биенээ илчилж “ямар нэг” гэж хэлж болохуйц шударга байдлыг тогтоогоод байна. Энд биенээ хэлмэгдүүлээд байгаа юм байхгүй, шударга үнэний нэр дор биенийхээ булхайг амархан илчилдэг. Энэ бол бас л сайн талтай үр дүн үзүүлдэг” гэхчлэн өгүүлсэн  юм.

bolod.mn