Ж.Эрдэнэбатын буюу Монгол Улсын 12 дахь Засгийн газар огцорлоо. Яг өнөөдрөөс нэг жил хоёр сарын өмнө 97.1 хувийн саналаар "Мэргэжлийн Засгийн газар"-ын тэргүүнээр Ж.Эрдэнэбат томилогдож байв. Харин өчигдөр УИХ-ын гишүүдэд тэр дундаа намынхаа нөхдөд "Эрх мэдлийн төлөө Засгийн газраар туг тахилаа” гэж хатуухан хэлээд бууж байна. 

2017 оны найдугаар сарын 23-ны өдөр УИХ дахь МАН-ын 30 гишүүний гарын үсэгтэй огцруулах албан бичиг өргөн баригдсан. Ийм жишиг өмнөх парламентад ч байсан. Нэг завинд суусан хүмүүс ахмадаа түлхэн унагаад өөрөө ахмад болох тохиолдлуудыг бид бишгүй олон харсан болохоор Ж.Эрдэнэбатыг огцорход хэн ч гайхаж, балмагдсангүй. Харин ч дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ, хэн хэн Засгийн газарт орж ажиллах вэ гэж сураглаж эхэллээ. 

 

Уг нь АН-ын гаргасан алдааг МАН давтахгүй, эв нэгдэлтэй байна гэсэн. Тийм ч учраас тэднийг 65 болгож дэмжсэн юм. Гэвч тэдэнд олуулаа болсон ч өмнөхөөсөө ялгагдах зүйл байсангүй. 

 

Үнэндээ МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг эрс өөрчилж, шал өөр замаар явсан Засгийн газрыг эртхэн унагах ёстой байсан гэж ярих хүмүүс байна. Гэхдээ тогтвортой засаглал гэгчийг өдөр бүр үгэлж байсан сөрөг хүчин, эрх баригч болмогцоо өөрсдөө дайвалзаад эхэлж байна. 

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газар ямар улсыг хүлээж авсныг мартаж болохгүй. Үнэхээр хүнд байсан, одоо ч хүнд байна. Гэвч улс төрчдөд, эрх баригчдад асуудлыг шийдэх бус харин хоёрдугаар ээлжийг л хоолонд оруулах нь чухал байлаа гэж харагдаж байна. 

 

Хуулийн дагуу дараагийн Засгийн газар 30 хоногийн дотор бүрдэх учиртай. Тэр болтол Ж.Эрдэнэбатын баг үүргээ гүйцэтгэж байх болно. 

 

Тэгвэл хэн дараагийн Ерөнхий сайд болох вэ?

 

Ж.Эрдэнэбат л огцорсон болохоос биш энэ Засгийн газрын зарим сайд нар дараагийн Засагт ч орж ажиллаж мэдэхээр байна. Дээр хэлсэндээ ахмадаа түлхэж унагасан нэг завиныхан гэж. Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүхийн багийнхан ахмадаа түлхэж унагахад тун идэвх чармайлттай ажиллалаа. Тэгэхээр шинэ Засгийн газрыг тэд бүрдүүлэх үү? Мөн Топар хочит У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлэх үү? гэсэн асуулт гарч ирж байна.  

 

Гарын үсэг зурсан 30 гишүүн итгэл үнэмшил, үзэл бодол, бас бус тохиролцооны үндсэн дээр нэгдсэн байх. Тэдэн дээр Ц.Нямдорж, Сү.Батболд, Ч.Улаан нар нэмэгдэв. Энэ тэдэнд ч бас тохиролцоо таалагдсан гэсэн үг биз. Одоо л сонирхолтой болж байна гэж ярьдаг шиг одоо л МАН дотор "дайн” дэгдэх гэж байна. Намын бага хурал тун удахгүй болно. Эндээс намын даргыг өөрчилж, шинэ засагт хэн хэн орох вэ гэдгийг албан ёсоор шийдэх биз. Гэхдээ сайд нарын нэрс аль эрт тодорчихсон гэдгийг мартаж болохгүй. Одоохондоо "би сайд болохгүй” гэж мэдэгдэж байгаа ч "улсаа бодоод сайд болохоос аргагүй хүрчихлээ” гэж ярьдаг хүмүүс шүү дээ. Эрх мэдлээ гэж...