Өнгөрсөн сарын 15-ны өдөр багш нарын цалин нэмэгдүүлэхтэй холбогдон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлж 2018 оны төсөвт тусгаж шийдвэрлэх тухай шаардлагыг УИХ, ЗГ, ХНХЯ, Сангийн яам болон ЭМЯ-нд тус тус салбарын 20 мянга гаруй ажилтны гарын үсэг бүхий шаардлагыг хүргүүлсэн. Тэгвэл өнгөрсөн сарын 23-нд салбарын сайд А.Цогцэцэг үйлдвэрчний холбоонд тус шаардлагуудыг хэрэгжүүлэх, цалинг үе шаттай нэмэгдүүлэх саналыг 3 талт хэлэлцээрт тусгуулах саналыг ХНХЯ-нд хүргүүлсэн байна. Мөн салбарын сайд  ЗГ-ын хуралдаанаар “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулан сүрьеэгийн эмч, мэргэжилтэн, ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгох, Сангийн сайдтай хамтарсан тушаалын дагуу энэхүү орлогыг үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой гарч байгаа шууд зардал болон байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар болсон байна. Үүний дүнд өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмч, ажилтнууд үр дүнгийн урамшуулал авах бүрэн боломжтой бөгөөд эрүүл мэндийн байгууллага өөрөө шийдэн олгох эрх зүйн орчин нь дээр дурдсан хамтарсан тушаалаар нээгдсэн болно гэж хариуг хүргүүлсэн байна. Дээрх шийдвэр нь үйлдвэрчний холбооны шаардлагыг хангаж жагсаалаа зогсоогоод байсан юм. Гэтэл МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх нь байнгын хороон дээр хийсэн мэдэгдэлдээ багш, эмч нарын цалин нэмэгдүүлэхгүй гэх мэдэгдэл хийсэн нь эмч, эмнэлгийн ажилчдын эрх ашгийг зөрчиж байгаа учраас өнөөдрийн жагсаалыг зохион байгуулад хүргэсэн байна.

 Энэ удаагийн жагсаалд эрүүл мэндийн ажилчдын ҮЭ-ийн холбооны гишүүд дэмжигчид оролцож байна. Тэд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрт тусгагдсан цалинг нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байгаа бөгөөд шинэ засгийн газарт мэргэжлийн сайдын авч хэрэгжүүлж байгаа бодлогыг үргэлжлүүлэн ажиллах, 9-р сарын 23-нд эрүүл мэндийн сайдын хүргүүлсэн шаардлагын хариуг биелүүлэн ажиллуулж салбарын сайдыг улираан ажиллуулахыг шаардаж байгаагаа илэрхийлэн, шаардлагаа МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлээд байна.