Хорихоос суллагдаад удаагүй байгаа иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар тодорхой мэдээлэл өгч хуулийн мэдлэгтэй болгох арга хэмжээ өчигдөр Сонгинохайрхан дүүргийн “Чингис Соосэ” сургууль дээр болж өнгөрлөө. Эрүүгийн шинэчилсэн хууль хэрэгжиж зургаан мянга гаруй хоригдол суллагдсан. Дээрх сургалтын үеэр хорих ангиас суллагдаад удаагүй байгаа Н.Мөнхзоригттой (нэрийг нь өөрчлөв) ярилцлаа. Тэрбээр “Хорих ангид хоригдож байгаа залуус хүмүүжих нь битгий хэл бүр хэнийг ч хайрлах сэтгэлгүй араатан болж байна. Гэмт хэрэгтнүүд бэлтгэх “Дипломгүй” сургууль шорон болж хувираад олон жил болж байна” хэмээн ярьсан юм.


-Шоронгоос суллагдаад хэр удаж байна вэ. Таныг арван жил гаруй хугацаанд шоронд хоригдсон гэж сонссон?

-Тийм ээ. 2006 онд найзуудтайгаа архи уугаад согтуу явж байхдаа хэсэг залуустай муудалцаад зодолдсон юм. Тэр үед хүний амь хад чулуу шиг бөх байдаг гэж эндүүрч явлаа. Найзуудынхаа өмнө сайн зодолддог хүн болох гэж хөөрцөглөж, хөөрч онгирч яваад нэг залуугийн аминд хүрчихсэн. Хүн үхэхээ хүрвэл их амархан юм байна лээ. Ердөө хоёр цохиод нэг өшиглөсөн. Ингээд л алуурчин болж, амьдралынхаа арван жилийг хорих ангид өнгөрүүллээ. Сая Эрүүгийн шинэчилсэн хууль хэрэгжиж таван жил хасагдаад суллагдлаа. Монголын онцгой, чанга, жирийн дэглэмтэй хорих ангиудад ял эдэлж байгаад гарч ирээд байна. Арван жилийн өмнөхөөс Улаанбаатар хот их өөр болсон байна. Хотын төвийн гэр хорооллууд байхгүй болж, өндөр өндөр байшинтай болчихжээ. Хотын залуус ч их өөрчлөгдсөн байна. Бидний мэдэхгүй, чадахгүй юм ч олноороо нэвтэрч. Гэхдээ дасаж байна, надад эрх чөлөөтэй амьдрал таалагдаж байгаа.

ШШГЕГаас хорих ангиуд олон нийтэд нээлттэй болсон. Шоронд хоригдлууд нэгнийгээ дарамтлах, зодож нүдэх асуудал байхгүй. Бүр ажил мэргэжилтэй болгож, цалинтай ажил хүртэл хийлгэж байгаа гэх мэдээлэл байнга гардаг болсон. Тэгвэл өнөөгийн шоронгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, хорих ангиудын талаарх сайн мэдээ болгоныг хүргэж байна. Яахав 1990 онд хоригдлууд тураалаар үхдэг байсан үеийг бодоход нөхцөл байдал илт сайжирсан. Шинэ шоронтой болж, хангамж сайжирсан нь үнэн. Намайг анх шоронд ирж байхад ганц худаг, онцгой, чанга дэглэмтэй хорих ангийн нөхцөл байдал үнэхээр хэцүү байсан. Одоо дуртай цагтаа эргэлтээр ар гэрийнхэн нь ирж болдог болсон. Энэ бол өнгөцхөн байдал. ШШГЕГ-аас сэтгүүлчид олж ирдэг. Ингээд л тухайн хорих анги хоригдол нарт номын санд ном уншуулж, бичиг үсэгтэй болгож байна. Мэргэжлийн сургалтад хамруулж, мэргэжилтэй болгож байна гээд л яриулдаг. Цалин ч өгч байна гэж ярьдаг. Тэгвэл хорих ангиудын хөшигний цаад амьдралын талаар дэлгэрэнгүй яримаар байна. Өнөөдөр дөнгөж 20 гаруйхан настай залуусаар Монголын шорон дүүрч байна. Нөгөө л 1990 оны нийгэм солигдсон үймээнээр гэр бүлийн салалтаас шалтгаалж, өнчин өрөөсөн өссөн хүүхдүүд эрийн цээнд хүрцгээсэн байна. Аав, ээжгүй өссөн хүүхдүүд РС тоглоом тоглож, гадуур тэнэдэг байсан. Тэдгээр залуус гэмт хэрэг үйлдэж байна. Ихэнх нь хулгай хийгээд шоронд орж байна. Эрүүгийн хуулийн 142 дугаар зүйл ангиар шийтгүүлээд л ороод ирдэг. Эхлээд хулгай хийхээр нь тэнсэн харгалзах ял шүүхээс өгдөг. Тэнсэнтэй байх хугацаандаа дахин хулгай хийгээд шоронд ороод ирж байна. Нөгөө хэсэг нь танхайрсан, бусдын эд зүйлсийг дээрэмдсэн хэргээр хоригдож байна. Тэд цагаан цаас шиг юугаа ч мэдэхгүй “амьтад” ирцгээдэг. Ямар ч хорих ангид ирсэн аль нэг бүлэглэлийн галд орохоос өөр арга байхгүй болдог. Гал нэртэй бүлэглэлүүд байна. Бүлэглэл болгон толгойлогчтой. Шоронгийн дарга толгойлогч нартай л элдэв зүйлс ярьдаг. Түүнээс бүлэглэлийн гишүүдтэй огт юм ярихгүй. Галууд өрөө өрөөгөө хуваагаад авчихсан байдаг юм. Ямар нэгэн ажилд гарахгүй л юм бол шорондоо юу ч хийхгүй өдөржин сууна. Хоригдлууд эрүүгийн хууль судлахаас эхлээд бие биедээ үйлдсэн хэргийнхээ талаар ярьдаг. Заримдаа бие биедээ ярьж байгаа нэрээр хүний халааснаас эд зүйлс хэрхэн хулгайлдаг талаар сургалт шахуу юм болно. Гар хурууны байрлал, халааснаас эд зүйлсийг нь мэдэгдэхгүйгээр хэрхэн авах. Эмэгтэй хүний цүнхний цахилгааныг яаж онгойлгох, өмдний араас хулгай хийх, энгэрийн халааснаас яаж авах вэ гэдгийг хүртэл заадаг. Үнэндээ Монголын халаасны хулгайчид төгс болчихсон шүү дээ. Хамгийн их мөнгө хийж байгаа нь халаасны хулгайчид болчихоод байна. Бусдын халаасыг ухсаар байгаад машинтай болсон. Байр орон сууц, хашаа байшин худалдаж авсан хүн ч байгаа. Ингээд хулгай хийгээд ороод ирсэн залууст халаасны хулгай хэрхэн хийдэг вэ гэдгийг бүрэн утгаар нь мэргэшүүлж байна. Үүний дараа орон байрны хулгай хэрхэн хийдэг. Дохиоллын систем, хяналтын камерийг хэрхэн унтраахаас эхлээд, хаалга, цонх онгойлгохыг хүртэл зааж өгч байна шүү дээ. Надтай гэхэд найман айлын гэр, эд зүйлсийг хулгайлсан нэг залуу хамт хоригдож байлаа. Тэр өөрийнхөө эд зүйлсийг авч байгаа юм шиг л айлын гэрийг ачааны машинтай очоод хэдхэн минутын дотор аваад явчихдаг гэж байгаа. Гэрийн эзэд нь орой ажлаасаа ирэхэд нь гэрийнх нь буурь харлаад үлдсэн байдаг талаар ярьдаг байв. Мөн автомашин хулгайлж, өнгө төрхийг нь өөрчилж, бичиг баримтыг нь шинээр бүртгүүлээд зардаг бүлэглэлийнхэн хүртэл бие биедээ машин хэрхэн хулгайлах талаар “хичээл” заана. Хулгайлсан машины дотор салоныг өөрчлөөд, авто тээврийн газрын мэргэжилтний тусламжтайгаар шинэ бичиг баримт авдаг. Раам дээрх регистер тоог хэрхэн өөрчилдөг талаар бие биедээ ярьдаг. Бүр хүнийг хэрхэн хүнд цохилтод оруулах, дээрмийн хэргээ хаана үйлдвэл тохиромжтой талаар нарийвчилсан хотын гудамж, талбайг хүртэл зааж өгдөг гээд Монголын шоронд гэмт хэрэгтэн бэлтгэх сургууль шиг байдаг. Тэнд хүн амины хэрэг үйлдчихээд хэрхэн зугтаасан талаар ярьж байна. Хар тамхины ямар бүлэглэл байдаг. Хятадаас хар тамхи ямар үнэтэй оруулж ирээд, ямар хүмүүст борлуулж болох сүлжээг хүртэл хоригдлууд бусдадаа зааж өгдөг. Бусдыг ямар занганд оруулаад дарамталж болох талаар хүртэл ярьцгаана. Бүр хүн алчихсан байхад ямар мэдрэмж төрдөг вэ. “Яаж алсан талаараа яриач” гээд шалаад суучихдаг. “Хүн алах гоё байдаг уу” гэж сонирхсон олон хүнтэй таарч байлаа. Хүн амины хэрэгтэй нэг хулгайч жирийн дэглэмтэй хорих ангид хоригдож байхдаа залууст “Хүн алах тийм байдаг. Тэгж үхдэг” гээд л яриад байсан. Тэрийг сонсож суусан хоёр залуу шоронгоос гараад сар ч бололгүй хүний амь хөнөөчихсөн байна лээ. Ингэж л Монголын шоронд хэдэн мянган залуус хүмүүжих нь битгий хэл улам араатан шинжтэй болж, гэмт хэрэгтнүүд болж байна шүү дээ.

-Бие биедээ гэмт хэрэг хэрхэн үйлдэх талаар “сургалт” хийж байгааг хорих ангийнхан мэддэг үү?

-Бүгд л өдөржин хараад сууж байгаа юм чинь мэднэ. Хянагч нар бидний ярихыг сонсоод л сууж байдаг юм. Ялтнууд хорих ангийнханд мөнгө болж л харагдана. Баримал, сийлбэр, цаасан хайчилбар хийлгээд түүнийг нь зардаг. Мөн хорь, гучаар нь барилга дээр ажиллуулдаг. Өдрийн 1500 төгрөгөөр ажиллуулдаг. Тэгсэн мөртлөө цаана нь хорих ангийн дарга нэг хоригдлыг өдрийн 25 мянган төгрөгөөр ажиллуулаад дундаас нь 23.500 төгрөг халааслаад л сууж байна.

-Улсын ажилд хүчээр дайчилдаг шүү дээ. Тэрийг цалинтай гэж хардаад байгаа юм биш биз дээ?

-За яалаа гэж. Тэрийгээ нэг муу юм ялгахтайгаа шүү, ах нь. Намар хадлан бэлтгэх, ногоо хураах, хавар зундаа газар шорооны ажил, барилга барих гээд л ажил их бий. Гэхдээ энэ бүхний дийлэнх нь хорих ангийн дарга нарт мөнгөний ажил болдог юм. Хорих ангийн дарга шоронгийн зөвлөл, галын удирдагч нартай уулзана. “Та нар гар утсаар чөлөөтэй ярь. Чөлөө олгож явуулна. Эмнэлэгт хэвтүүлнэ. Интернэт ашиглаж болно” гээд л давуу эрх өгнө. Үүнийхээ хариуд “Танай гал энэ ажлыг хийчих. Чамд би мөнгө өгнө. Ямар нэгэн хэл ам гаргахгүй аятайхан шиг ажиллаарай” гэж гуйдаг. Үнэндээ баячуудын хувийн орон сууц, хашаа, хороо, сүүлийн үеийн орон сууцны барилгуудыг хоригдлууд л хийж байна. Хорих ангийн дарга нар хоригдлуудаар ажил хийлгээд хэдэн сая төгрөг халаасалдаг нь нууц биш. Бүр биднээр өвс хадуулаад тэрийгээ зардаг дарга ч бий. Тэр мэргэжлийн үнэмлэх олгох сургалтаас эхлээд бусад гар урлалын сургалтууд бүгд гадны төслүүд байдаг. Гадаадын төслүүдийг шоронд хэрэгжүүлдэг. Тэр бас л мөнгө олох арга шүү дээ. Төсөл дуусахад сургалт дагаад л дуусна.

-Хоригдлууд бие биенийгээ зодож дарамталдаг байдал хэвээрээ гэж ойлгож болох уу?

-Хуучных шигээ зодож нүддэг асуудал эрс бага болсон нь үнэн. Гэхдээ шоронгийн шургаа гэдэг зүйл байсаар байна. Нэгнийгээ өдөж байгаад зодуулаад дээш нь матах, ямар нэгэн зөрчил гаргаад ял нэмүүлэх зүйл их. Сая хуулийн тэгшитгэлээр хоригдлуудыг сулласан. Шүүгчид адилхан хулгайн зүйл ангитай ялтнуудыг ялгаварлаад заримыг нь суллачихсан. Үүнээс болоод хоригдол оргосон тохиолдол гарсан. Сая магадлангаар олон хүн суллагдах байсан. Гэвч Прокурор 80 гаруй хүнээс ердөө арван хүн сулласан байна лээ. Энэ мэт хоригдлуудыг алагчилж үзэх байдал байсаар байгаа. Үүний цаана шорон ажилчингүй, дарга нар нь мөнгөгүй болох гээд байгаа эрсдэл яваад байгаа байхгүй юу. Яривал өчнөөн л юм байна. Гол нь элдэв юм ярихгүй шүү гэсэн ам өчиг өгдөг болохоор ингэсгээд дуусгая. Гэхдээ Монголын хорих анги өөрчлөлт хийхгүй юм бол Монголын гэмт хэрэгтнүүдийг зэрэглэл дээшлүүлэн бэлтгэдэг “сургууль” болоод олон жил болж байна.

Г.Батзориг