Танхимынхаа 13 охиноос хөрөнгө мөнгө, бэл бэнчингээрээ дутахааргүй хэтэвч зузаан хатагтай бол УИХ-ын гишүүн Б.Ундармаа. “Бишрэлт” группээрээ овоглосон “шинэхэн” гишүүний саарал ордноо өөрийгөө таниулсан хэд хэдэн чухал үйл явдал өнгөрөгч хугацаанд хэд хэдэн удаа болсон байдаг.

“Согтуу” гишүүн хэмээн нэг хэсэгтээ л хэвлэлийн бай болж байсан түүнийг хэсэг худалдаачид мөн л “од” болгож байв. Харин мань хүн нөгөө хэдэн хохирогчдынхоо дуу хоолойг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “хаалт” хийж нам дараад авсан зальжин ч гэмээр юм уу, зайтай ч гэмээр юм уу төрийн түшээ. Ямар сайндаа л 60 гаруй түрээслэгчдийн амыг таглаж өдгөө төрийн ажлаа чимээгүй амжуулж явна.

Б.УНДАРМААГИЙН ХОХИРОГЧИД ЮУГАА АЛДАВ

-Галын улмаас нийт түрээслэгч нарт 500 сая биш 1 тэрбум төгрөгний хохирол учирсан албан ёсны мэдээ гарсан шүү Б.Ундармаа гишүүнээ-


Гал гарсан өдрөөсөө эхлээд мэдээлэл нь намжсан Ботаникийн эцэст үйл ажиллагаагаа явуулдаг “Вэлл март”-ын “унтарсан” галд түрээслэгчид юугаа алдсан бэ гэдгийг нэхэн сануулъя. Өдгөө үйл ажиллагаа нь хэвийн явагдаж өнгөө зассан ч эрхэм гишүүн зангаа засаагүй. Ямар сайндаа “Вэлл март” шатсаны дараа түрээслэгчдээсээ уучлалт гуйхын оронд “Намайг үзэн ядсан хүмүүсийн эсрэг үйл ажиллагаа. Сонгуульд өрсөлдөөд ялагдсан хүмүүсийн хорт санаа байхыг үгүйсгэхгүй” хэмээсэн нь түүний мөн чанар хийгээд хүн чанарын хэр хэмжээг таниулаад өгөх шиг. Эрхэм хатагтай шатсан дэлгүүрийнхээ үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд 800 гаруй сая төгрөгийг халааснаасаа гаргасан гэдэг албан бус мэдээлэл сонсогддог ч хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг өнөөдрийг болтол барагдуулаагүй гэх юм билээ.

Хохирогчдын төлөөлөл болж иргэн Н “Бид сарынхаа түрээсийг хугацаанд нь төлж байхад шатсан барилгаа сэргээчихээд бидний хохирлыг барагдуулахгүй өнөөдрийг хүрч байна. Мөнгөтэй, эд хөрөнгөтэй хүн учраас энэ мэт эрсдлийг үүрээд өөрийнхөө өмчийг өөд нь татаж чадаж байна. Харин бидний хувьд өдөр бүр орлогоо зээлийнхээ төлбөрт банкинд тушаадаг, ар гэрийнхээ амьдралыг залгуулдаг хүмүүс. Одоо амьдрал ахуй зогсоход тун ойрхон болчихлоо” хэмээн гомдол мэдүүлж байсныг эрхэм хатагтай сонсож амжаагүй байх.

Тэд мөн хэлэхдээ “Өмнө нь 2013 онд ус алдаад их хэмжээний хохирол учирсан. Бараа таваар норсон болохоор бид хохирлоо нэхэмжлээгүй, чимээгүй өнгөрсөн. Гал гарсан нь хоёр дахь тохиолдол. Бид дахин дахин хохирч байна. 2016 онд хийсэн гэрээгээр 08:00-20:00 цаг хүртэл эд бараагаа алдвал түрээслэгчид 21:00-22:00 цагийн хооронд эд бараагаа алдвал түрээслүүлэгч компани бүрэн хариуцна гэсэн заалттай юм билээ. Гэсэн хэдий ч одоо хүртэл хохирлыг минь барагдуулж өгөхгүй байна” хэмээсэн юм. Түүнчлэн галын дуудлагыг өнгөрсөн хоёрдугаар сарын 07-ны шөнийн 02:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авч гал түймрийг унтраасан байдаг. Тус газрын мэдээлснээр тус худалдааны төвийн хоёрдугаар давхрын 40 орчим лангуу бүхэлдээ галд автаж лангууг түрээслэн худалдаа эрхэлдэг байсан 36 хүн 20-100 гаруй сая төгрөгөөр хохирсон болохыг хохирогчид хэлдэг.

Түүнчлэн цагдаагийн байгууллагааас Эрүүгийн хуулийн 138.2 буюу Хөдөлмөрийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрнээ яагаад энэ хэрэг одоог хүртэл ахиц гарахгүй байна вэ гэдэг нь ч хачирхалтай. Уг нь тус компанийн удирдлагууд түрээслэгч нартай хийсэн гэрээгээ эргээд нэг харвал тэд ямар ч маргаангүйгээр тэдний хохирлыг төлж барагдуулна гэсэн гэрээний заалт байдаг юм билээ. Уг нь гал гарснаас хойш бүтэн долоон сарын хугацаа өнгөрчихөөд байхад түрээслэгчид ямар ч нөхөн төлбөр авалгүй өнөөг хүрчихээд байхад “Бишрэлт Пропертиз” компанийн удирдлагууд одоог хүртэл нүдэн балай чих нь дүлийн байсаар байгаа нь хачирхалтай. Цагдаагийн байгууллагаас тус компанийг хөдөлмөрийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Түүнчлэн онцгой байдлын алба хаагчид тус худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрладаг “Капитал” банк, супермаркет, гуравдугаарт давхарт байрладаг компаниудыг галд өртөхөөс сэргийлж галыг унтраасан байдаг. Хэрвээ аврагчид цаг алдаж ирсэн бол тус худалдааны төв бүхэлдээ шатаж дуусах аюул нүүрлэх байсан. Онцгойнхон харин самбаачилж галын аюулыг хэдэн бор түрээслэгчдийн хэсэгт дүрэлзсэнийг унтрааж амжсан байдаг. “галын дөл өөдөө” хэмээн монголчууд үгийн энергиэр муу гай бүхнийг хааж цайруулдаг. Эрхэм гишүүнээ улс орны үйл хэрэг гэх том үйлсэд гар хөлөө дүрээдэх гэхгүй ээ. Зүгээр л өөрийн чинь эзэмшил дотор хамаг бүхнээ тавиад туучихсан хэдэн ядарсан иргэнээ хохиролгүй болгочих, үүнийг л сануулъя. Ингэж чадвал ёстой галын дөл өөдөө… хэмээн муу бүхнийг чинь цайруулъя.

 

niigmiintoli.mn