Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Д.Содном, М.Энхсайхан нар хүрэлцэн ирэв. МАН-ын дарга М.Энхболдын хувьд Монгол Улсын 24 дэх Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байв. Ерөнхий сайд  асан С.Баяр, Сү.Батболд нар гадаадад, Р.Амаржаргал эмнэлэгт байгаа учир уулзалтад ирж амжсангүй. Харин С.Бямбасүрэн гуйтай холбоо барьж чадаагүй тухай зохион байгуулагчид хэллээ. 
      Уулзалтын эхэнд М.Энхболд улс орны эдийн засгийн байдлыг танилцуулав. Улс орны өнөөгийн эдийн засгийн байдал тааруухан байгаа учир Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонсч буйгаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр эдийн засаг хүндэрснийг  хэд хэдэн зүйлээр онцлов. Тухайлбал, энэ оны  төсвийн орлого, зарлагын асуудал анхаарал татах хэмжээнд хүрчээ. Жилийн эцэс буюу 12 дугаар сарын 31-ний байдлаар төсвийн орлого 700 орчим тэрбум төгрөгөөр тасрах урьдчилсан төлөв гарчээ. “Хүний хөгжил сан”-гийн орлогын биелэлт ч 60-70 тэрбумаар тасрах магадлалтай байна. ДНБ-ий үйлдвэрлэл 11 орчим хувьтай гарч буй нь мөн л өмнөх оноос буурсан үзүүлэлт бөгөөд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл бараг зогсонги байдалд оржээ. Сүүлийн таван жилийн дунджаар 88-90 орчим хувиар тогтмол биелж ирсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл өнөө жил 58 хувиар биелж байгаа аж. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг тодотгож, 500 тэрбумыг хассаны дараах  үзүүлэлт юм байна. Валютын ханшийн өсөлт ялангуяа импортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийгсульдуулж, эдийн засагт дарамт үүсгэж байгааг ч онцлов. 2013 онд зах зээлд нийлүүлсэн бэлэн мөнгөний хэмжээ өмнөх оноос хоёр их наяд төгрөгөөр нэмэгдэж, 9.1 их наяд төгрөгт хүрсэн, найдваргүй өр, авлага 90 хувиар нэмэгдсэнийг ч дурдлаа. Төсвийн гадуурх хөрөнгө, мөнгөний хяналтгүй зарцуулалт, гадаад өр зээлийн асуудлыг ч М.Энхболд танилцууллаа. Гадаад өрийн хэмжээ 17.8 тэрбум ам.долларт хүрсэн нь ДНБ-ий 50 хувьд хүрчээ. Үүнээс 4.7 тэрбум нь Засгийн газар, Монголбанкны өр, үлдсэн нь хувийн хэвшлийн өр аж. Оюутолгойн өр болон гадаад, дотоод нийт өрийг нийлүүлж тооцвол ДНБ-ээс давсан тоо гарч байгаа юм байна.  Үнэ ханш зогсолтгүй өсч, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 11-30, аж үйлдвэрийн бараа 15, эрчим хүч, дулааны үнэ 11 орчим хувиар тус тус өсчээ. Гэтэл 2012 оны тавдугаар сараас хойш цалин, тэтгэвэр тэтгэмж  нэмээгүйг онцлов. Байдал ийм байгаа нь ард иргэдийг багагүй бухимдуулж байна. Тийм учраас эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлсэн Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайдуудтай хариуцлага тооцож, огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээс өргөн барьсан. Монгол Ардын Нам асуудлыг бүр наймдугаар сард л эдийн засаг хүндэрлээ, ээлжит бус чуулган хуралдуулж, төсвийн тодотгол хийх санал тавьснаас хойш удаа дараа эрх баригчдад хэлж байлаа” хэмээн М.Энхболд ярилаа. 
 
МАН-ын дарга М.Энхболдыг эдийн засгийн асуудлаар танилцуулга хийсний дараа уулзалтад хүрэлцэн ирсэн Ерөнхий сайдууд өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Ерөнхий сайд асан М.Энхсайханы хувьд, МАН-ын дарга санаачлага гарган Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг урьж уулзаж байгааг нэн чухал хэмээн тэмдэглэж, талархлаа илэрхийлэв. Эдийн засгийн байдал хүндэрч магадгүй түгшүүр зарлаж буй дохиог ч сэтгэл зовж хүлээн авч буйгаа хэллээ. Гэхдээ үүнийг аль нэг Засгийн газарт нялзааж болохгүй, энэ Засгийн газарт ажиллах боломж өгөх хэрэгтэй хэмээв. Мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүй байх “давхар дээл”-ийг дан болгох асуудлыг дэмжиж байгаа ч 2016 оноос хэрэгжүүлж эхлэх ёстой хэмээв. 
 
Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийн хувьд, эдийн засгийн байдал хүндэрсэн нь алтан нарыг алгаараа хааж болохгүй гэдэг шиг тодорхой  зүйл, үүнтэй маргах шаардлагагүй. Энэ их өр төлбөр, чанаргүй зээлийн асуудал дотор донслуулж байна гэв. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон байхад хариуцлага тооцох асуудал байх ёстой. Уг нь хариуцлагыг Засгийн газар дотроо тооцох ёстой ч тийм зүрх зориг алга. Сөрөг хүчин асуудлыг тавилаа гээд олонхийн дэмжлэг авахгүй нь тодорхой байна. Гэхдээ байдал ямар байгааг ард түмэнд мэдрүүлэхэд хэрэгтэй зүйл. Улстөрийн тогтвортой байдал үр дагаврын хувьд чухал ч ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцох асуудлыг ярих л ёстой гэлээ. Ер нь бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахүйгээр өнөөгийн энэ дэгэн догон байдлыг засах боломжгүй гэж үздэгээ ч хэлэв. Мөн тийм их өр зээлтэй байж цаашид дахин өр зээл тавих тухай ярьж болохгүй гэв. 
 
Харин Ерөнхий сайд асан Ш.Содномын хувьд хөгжлийн алсын хараатай бодлого үгүйлэгдэж буй нь өнөөгийн эдийн засгийн байдал хүндэрсний нэг шалтгаан гэв. Ялангуяа үйлдвэрлэлээ хөгжүүлж, хувийн хэвшлийн санал санаачлагыг дэмжих төр, засгийн бодлого үгүйлэгдсээр байгааг тэрбээр цохон тэмдэглэв. 
 
МАН-ын дарга М.Энхболдын санаачилсан Ерөнхий сайдуудын уулзалтыг цаашид тогтмолжуулах хэрэгтэйг уулзалтад оролцогсод санал нэгтэй тэмдэглэв. Бүр Ерөнхий сайдуудын клуб болгон өргөжүүлэх хэрэгтэй тухай ч ярилцсан юм.