УИХ-ын  нэгдсэн чуулган хуралдаж байгаа. Хуралдаанаар зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

 

УИХ-ын зарим гишүүд Засгийн газрын гишүүнээр томилогдсонтой холбогдуулан зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж буй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжсэн. Ингээд уг тогтоолоор УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар, Цэдэнбалын Цогзолмаа нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Хавдисламын Баделхан, Жадамбын Бат-Эрдэнэ нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Өлзийсайханы Энхтүвшинг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Батжаргалын Батзоригийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Хавдисламын Баделхан, Долгорсүрэнгийн Сумъяабазар нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар, Цэрэнпилийн Даваасүрэн нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, УИХ-ын гишүүн Цэндийн Мөнх-Оргил, Нямтайширын Номтойбаяр,Дуламсүрэнгийн Оюунхорол нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Дамдины Цогтбаатар нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Хавдисламын Баделханыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, Янгугийн Содбаатар нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталлаа.