'Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.ОЮУНЖАРГАЛААС дараах тодруулгыг авлаа.

-Ойрын өдрүүд Сибирийн хүйтэн урсгал Монголд орж ирснээр 40-50 хэм хүрч хүйтэрнэ гэж байна. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

-Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд буюу сүүлийн 20 орчим жилд энэ сард ажиглагдаагүй хүйтрэлт болсон нь үнэн. Тухайн үед энэ үзэгдлийн талаар манай байгууллагаас мэдээлж байсан. Гэтэл сэрэмжлүүлэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр дахин тархаж байгаад гайхаж байна.

-Тэгэхээр хүйтрэхгүй гэсэн үг үү. Өнгөрсөн жил аль аймгийн нутгаар хэдэн хэм хүрч хүйтэрсэн юм бол?

-Хүйтрэх гол шалтгаан нь Сибирийн болон хойд туйлын хүйтэн агаарын даралт Евроазийн эх газрын төв рүү орж ирэх явдал байдаг. Тэгэхээр өвлийн улиралд хүйтрэх нь ердийн үзэгдэл боловч хүч нь янз бүр байдаг. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын хүйтрэлтийн үеэр Дархадын хотгороор -44 хэм хүрсэн бол 2016 оны нэг, хоёрдугаар сарын хүйтрэлтийн үеэр Завхан аймгийн Цэцэн-Уул, Отгон сумдад -55 хэмд хүрч байсан.

-Удахгүй ес эхэлж, хүйтний эрч чангарна. Энэ жилийн хувьд цаг агаарын төлөв ямар байх вэ?

-Өвлийн улирлын цаг агаарын төлөвөө сар бүрийн 25-наас хойш шинэчилдэг юм. Арваннэгдүгээр сарын 10-ний байдлаар нутгийн 50 орчим хувь нь 1-33 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Энэ нь олон жилийн дундажтай харьцуулахад их биш боловч арваннэгдүгээр сарын сүүлчийн арав хоног, арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад цаашдаа цасан бүрхүүлийн тархац болон зузаан нэмэгдэх төлөвтэй.

unen.mn