Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазаар авах ялыг сэргээхээр төлөвлөөд байна. Ингэхдээ нийгмийн эмзэг асуудал болох хүүхдийн хүчирхийллийг онилон олон нийтийн дэмждэг авахыг хүссэн бололтой. Үүний эхлэл болгон  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт"  сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг хийж, өөрийнхөө байр суурийг илэрхийллээ. 

Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна. Харамсалтай нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдэж байгаа. Үүнтэй зэрэгцэн хүүхэд хүчирхийлсэн хэргүүдийн талаар мэдээлэх болсон. Үүнээс улбаалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт"  сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. 

Энэ үеэр Ерөнхийлөгч хүүхэд хүчиндсэн этгээдийг цаазаар авах санал гаргасан юм. Тодруулбал, хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ "Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, хөнөөсөн, тарчлаан зовоосон гэмт этгээдүүдийг цаазаар авах ялын саналыг ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Энэ төрлийн хэрэг үйлдсэн этгээдэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа уучлал үзүүлэхгүй гэсэн бодолтой байгаа." гэдгийг онцолсон юм. 

Мөн "Монгол Улс 2012 оны 12-р сард “Цаазаар авах ялыг халахад чиглэсэн иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын II нэмэлт протокол”-д нэгдэж орсон нь миний бодлоор цагаа олоогүй, эртэдсэн үйлдэл болжээ гэж дүгнэж байна. Манай нийгмийн өнөөгийн байдал ажилгүйдэл, ядууралтайгаа холбогдоод гэмт хэргийн нөхцөл байдалтайгаа уялдуулж үзэхэд цагаа олоогүй гэсэн дүгнэлт би хэлээд байна.

Бидний өнгөрсөн 27 жилд гаргасан түгээмэл, давтамжтай алдаа бол үндэсний онцлог, үндэсний өвөрмөц нөхцөл байдлыг үл хэрэгсэн гадаадын туршлага нэрээр элдэв туршилт, хууль заалтуудыг нэвтрүүлж ирсэн явдал байдаг. Энэ бол өнөөгийн хамгийн том алдаа юм болов уу гэж дүгнэж байна. Дэлхийн улс орнуудаас одоо 58 улс цаазын ялыг хэрэглэсэн хэвээр байгаа дотор бидний хөгжилтэй орон хэмээн даган дууриахыг хүсдэг Япон, АНУ зэрэг улсууд ч бий. Бид үндэснийхээ эрхийг бодох ёстой.

Цаазаар авах ялыг “хүмүүнлэг бус” хэмээн үзэж, хэрэглэхгүй байх уриалга олон улсад тархаж байдаг. Гэвч өөрийгөө хамгаалах чадваргүй багачуудыг зэрлэгээр хөнөөж, тарчилган, тэдний амьд явах эрхийг бусниулсан гэмтнүүдэд амьд үлдэх эрх байх ёстой юу гэдгээр сошиалаар, бусад сүлжээгээр санал асуулга явуулах хэрэгтэй болов уу гэж би бодож байгаа.Цаазаар авах ялыг сэргээх тухай саналыг ХЗДХЯ хэлэлцээд ямар саналтай байгаагаа бэлдээд ирвэл энэ асуудлыг УИХ-д оруулъя гэж байгаа.  Цаазаар авах ялгүй болcноо зарласан цагаас хойш Монгол Улсад онц хүнд, харгис хэрцгий гэмт хэргүүдийн тоо эрс өссөн болохыг сүүлийн жилүүдийн статистик, тоо баримт  хангалттай харуулж байна. Цаазаар авах ялгүй болcноо зарласан цагаас хойш онц харгис гэмт хэргүүдийн тоо цаазтай байх үеийнхээс өндөр гарсан байна.

Нөгөө талаар хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй илрүүлэхэд иргэдийн оролцоог татах, хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах тогтолцоог бий болгох нь өнөөдөр чухлаар шаардагдаж байна. Үүний нэг нь Иргэний танхимд энэ асуудлыг татан ирж хэлэлцүүлж байгаа нь зөв юм. Үүнийг цаашид үр дүнтэйгээр, ямар хэлбэрээр хэлэлцүүлэх вэ гэдгийг 21 аймаг, 9 дүүрэг, хотуудаар явуулах ёстой гэсэн санал гарч байна. Үүнийг та бүхэн дэмжих байх аа." гэдгийг хэлэв. 

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч ард түмний дэмжлэгээр цаазаар авах ялыг сэргээхээр төлөвлөж байгаа нь нэгэнт тодорхой болов. Хүний эрхийн үндэсний комиссын тайланд дурдсанаас үзэхэд ганцхан жилийн дотор 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. 12-17 насны 1613 эх амаржжээ. 20  хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байна. УЕП-оос гаргасан мэдээгээр сүүлийн 5 жилд Монгол Улсад 2055 хүн амиа хорложээ. Хүүхдүүд амиа хорлох тохиолдол нэмэгдэж, 10-14 насны 78 хүүхэд, 25 хүртэлх насны 605 залуус амиа хорлосон  тохиолдол бүртгэгджээ. Цаазаар авах ялыг сэргээснээр энэ тоо буурах эсэх нь цаг хугацааны асуудал боллоо... Үр дүнд хүрэх эсэхийг харж л сууя