images

Үндсэн хууль батлагдсны 22 жилийн ойд

Хэдхэн хоногийн дараа буюу 1 сарын 13-ны өдөр эдүгээ хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Монгол улсын Ардчилсан Үндсэн хууль батласаны 22 жилийн ой тохиох гэж байна.

Энэ ойн арга хэмжээг Монголчууд бид бөх барилдуулж, баяр ёслолын байдалтайгаар тэмдэглэж ирсэн. Үндсэн хуулиа дээдлэх тухай үзэл санаа энэ үеэр яригдаж, төрийн ордондоо “алтан үсэг, эрдэнийн чулуу”-аар чимэглэн, төвд судар ном шиг дээдлэн залсан тохиолдол ч бий. Уг нь Үндсэн хуулиа дээдлэх, сүслэх тухай биш, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах, яаж шийдвэрлэх тухай асуудлыг л Үндсэн хуулийн өдрөөр олноороо авч хэлэлцмээр, ярилцмаар, шийдлийг нь олмоор санагддаг. Мэдээжийн хэрэг Үндсэн хууль төгс төгөлдөр, хөдлөшгүй хууль биш. Харин түүнийг хөндөхдөө асуудалд болгоомжтой, ул суурьтай хандах ёстой байсныг бидний өнгөрсөн 22 жилийн түүх харуулж байна. Эрх баригчид Үндсэн хуулийг өөртөө ашигтайгаар шийдвэрлэсэн нь өнөөгийн засаг төрийн хямралын эх үүсвэр болж байна. 2000 онд Үндсэн хуульд оруулсан дордуулсан 7 өөрчлөлтийг энд хамааруулан дурьдаж болно.

Үндсэн хуулийн өдөр болох гэж байгаатай холбогдуулан Үндсэн хуульд заасан эрхүүд өдгөө хэрхэн зөрчигдөж байгааг дурьдая.

МУҮХ-ийн 16 зүйлийн 1. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

1/ амьд явах эрхтэй – Энэ эрхээ бид бүрэн дүүрэн эдэлж чадахгүйд хүрч байна. Өглөө гэрээсээ гарсан хүн орой гэртээ амьд орж ирдэггүй дайны байдалтай улс орны хэмжээнд биш атлаа ийм байдалд бид хүрч байна. Явган алхсан ч, машинаар явсан ч дээрээс барилгын төмөр цохиод алчихна, зам хөндлөн гарахад согтуу, галзуу нь мэдэгдэхгүй жолооч нар нь дайрчих гэнэ, хартай нөхөр нь эхнэрээ зодоод алчихна, харийнхан биднийг эх оронд маань доромжилно. Үнэндээ Монголчууд бидний амьд явах эрх эргэлзээтэй болж байна.

2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй – Улаанбаатарын иргэд бид өвлийн саруудад хорт удаан дунд, зуны сард улаан шороон дунд амьдарч байгаагаа бид эрүүл аюулгүй орчинд амьдарч байна гэж хэлэх үү. Нүүрс, автомашин, цахилгаан станцын хорт утаа нь нэгэнт хүний эрүүл мэндэд төдийгүй шинээр төрөх нялхаст хүртэл сөргөөр нөлөөлөөд эхлэжээ. Төвлөрсөн хотуудын захын гэр гороололуудад хүн амьдрахад аюултай орчин нөхцөл бий болжээ. Хог ухаж, шил лааз түүж амьдралаа залгуулж байгаа иргэдийн дунд халдварт өвчлөл газар авчээ. Хөдөө орон нутагт байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, бэлчээрийн даац хэтэрч, гол ус ширгэж, хүн ам амьдрахад хэцүү болж байна. Тэгвэл энэ бүхнээс иргэнээ хамгаалах ёстой төр засаг минь хаана байна, хууль цааз минь хаачив.

11/ … Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална … – Гэр бүлд хүчирхийлэл үйлдэгдэж, нялхас гудамжинд хаягдаж, хүүхдүүд хүнд хөдөлмөр эрхэлж, зарим нэг нь орон гэрээсээ дайжиж тэнэмэл амьдралаар амьдарч байна. Тэдний хууль ёсны ашиг сонирхолыг төр хэрхэн хамгаалах вэ, өмнө нь яаж хамгаалж ирсэн вэ?

Үндсэн хуулийн 25 зүйлд Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гээд 1.6/ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах – УИХ-ын гишүүдийн чуулгандаа хамгийн сайн суудаг асуудал энэ. Хууль тогтоох дээд байгууллага атлаа Засгийн газрын гишүүд болон агентлагийн дарга нарыг томилно. Энэ томилгоонд эрхэм гишүүд ихээхэн ач холбогдол өгч, өөр өөрсдийн хүнээ тодорхой албадад томилуулахыг хичээнэ.

ҮХ-ийн Хорин есдүгээр зүйлийн 1/. … Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй – Дээр дурьдсан Үндсэн хуульд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийн нэг. Эх оронд ашиг тус багатай ч эрх баригчидад ашигтай учраас өөрчлөхийг хүсэхгүй байгаа гэж ойлгогдмоор. Бас Монголын парламентийн гишүүдийг “супермэн”-тэй адилтгаж болмоор. Учир нь тэд хууль батлана, хажуугаар нь Засгийн газрын гишүүнээр ажиллаж өөрсдийн батласан хуулиа хэрэгжүүлнэ. Логикоор бодоход УИХ-ын гишүүн+сайд нар энгийн гишүүнээс илүү эрхтэй болчиж байгаа юм. Ингэхлээх УИХ-аас Засгийн газарт тавих хуулийн хяналт, шаардлага нэр төдий хоосон зүйл болох нь ойлгомжтой.

Энэ мэтээр Монгол улсын Үндсэн хууль зөрчигдөж байгаа, Үндсэн хуулийн агуулгыг “зөрчиж” байгаа зүйлүүд цөөнгүй байна. Удахгүй болох Үндсэн хуулийн өдрөөр ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдөр гэж хий хөөрцөглөхийн оронд энэ мэтийн Үндсэн хуулийн агуулгад сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлүүддээ анхаарах, хүний эрхийг хамгаалах, хүний амьд явах эрхийг баталгаажуулах шаардлага эрх баригчдын өмнө зүй ёсоор тулгарч байна.

Үндсэн хууль үйл гүйцэлдэх биш баталгаатай хэрэгждэг байх ёстой

Ц.Мөнх

 index