Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хэвлэлд нотлогдсон баримттай гэж хэлээд, огт үндэслэлгүй зүйлүүдийг ярьж байна. Түүний яриад байгаа зүйлүүдэд үзүүлэх баримт байхгүй.

Б.Булган гэдэг эмэгтэйг гэрчээр оруулахгүй байж, байрны гадаа сууж байсан хүмүүсийг шүүх хурал дээр гэрчээр оруулсан. Гэрч биш хүнээр ам зураг гаргуулсан.

С.Зориг агсныг нас барсны дараа Б.Булган гэдэг хүн ам зураг гаргаж өгсөн байдаг. Эрэгтэй нь намхан эмэгтэй нь өндөр гэсэн. Гэтэл манай дүү Т.Чимгээ Б.Содномдаржаагаас намхан.

Прокурорынхны ярьж байгаагаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг нэг нутаг усныхан, найзууд гэсэн байгаа юм. Нэг нутаг ус гэдэг нь үнэн гэхдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарын насны зөрүү найм.

Түүнчлэн прокурорынхны хийсэн кинон дээр 1998 онд татгалзах аргагүй санал тавиад, ЦАмгаланбаатар үе үе их мөнгөтэй явдаг болсон. Түүнийгээ захиалагчаас авч байсан гэж прокурорын байгууллагаас бэлтгэсэн нэвтрүүлэгт  ярьсан байсан. Тэгэхээр Ц.Амгаланбаатар захиалагчийг мэдэж байгаа юм биш үү гэсэн хардлага төрж байгаа юм. Энэ мэт хууль, прокурорын байгууллагаас гаргаж байгаа мэдээллүүд зөрүүтэй, ойлгомжгүй, эргэлзээ төрүүлсээр байна.С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг ил болгох хэрэгтэй” гэв.

Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа “Хилс хэргээр зовж байгаа хүүгийнхээ төлөө явж байгаа эх хүн байна. С.Зоригийн хэргийг илрүүллээ гэсэн худал хуурмаг шүүх хурал болоод өнгөрсөн. С.Зоригийн хэргийн талаарх шүүх хурлын эмгэнэлт жүжгийг ард түмэн бүгд мэдэж байгаа.

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн сүүлийн үед хэвлэлүүдэд их ярилцлага өгч, худлаа зүйл ярьж байна. С.Зоригийн хэргийн захиалагч нь одоо хүртэл илрээгүй байхад гурван хүнийг яллачихаад байгаа. Ийм хуулийн заалт байдаг юм уу.

Тагнуул, хуулийнхан миний хүүд элдэв арга хэрэглэж, тариа хийж худлаа зүйл яриулаад түүнийгээ эвлүүлээд нотлох баримт гэж хэлж байгаа.Тагнуул хуулийнхан эхнээсээ  шүүх хурал хийхдээ Ц.Амгаланбаатар гэдэг хүний үгээр л шүүх хурал хийсэн. 14 мянган хуудас хэргийн материалыг ил болгочихлоо гээд байгаа юм. С.Зоригийн хэргийн материалыг ил болгосон юм байхгүй, харин ч өөрсдийнхөө хувилдааныг  нууцын зэрэглэлд оруулсан” гэж мэдэгдлээ.