Н.Лүндэндорж: Я.Төмөрбаатар миний шүүмжийг хүлээн авч, докторын ажлаа маш сайн хамгаалсан
2018/03/03
Манай сонины хоёрдугаар сарын 27-ны мягмар гарагийн №038 /2992/ дугаарын 10 дугаар нүүрт “Докторант Я.Төмөрбаатарын үгийг сонсоод ухаан алдах дөхсөн шүү” гарчиг бүхий нийтлэл хэвлэгдсэн.
Уг нийтлэл нь хоёр талын эх сурвалжгүй, алдаатай нийтлэл болсон тул МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатараас уучлал хүсч байна. Дээрх нийтлэлийг бичихдээ манай сэтгүүлч Я.Төмөрбаатарыг докторын зэргээ хамгаалах шалгаруулалтаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржийн саналаар хасч байсан тухай дурдсан. Энэхүү залруулгын баталгаа болгож Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржоос тодрууллаа.
-Я.Төмөрбаатар захирлын докторын зэрэг хамгаалсан тухай асуудал хэвлэлээр яригдсан. Тухайн үед та зөвлөлд байсан хүн. Энэ мэдээлэлд хариулт өгөхгүй юү?
-Энэ явдал 13 жилийн өмнө болсон. Тэр бол судалгааны ажилд эрдэмтэн хүний тавьдаг шаардлагын хүрээнд болсон зүйл. Түүнийг одоо улс төр болгож, хүн оролдох шалтгаан болгож, сөхөж байгаа нь харамсалтай. Хийх ажил бага байгаа юм байна.
-Монгол Улсын их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатарыг докторын зэрэг хамгаалахад та санал гаргаж хуралдааныг зогсоож, түүний докторын ажлыг хангалтгүй гэж дүгнэж байсан тухайгаа “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Тухайн үед юу болсон юм бэ?
-“Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан дээр миний хүсэлтээр хоёр хүний докторын зэрэг хамгаалах ажил зогссон. Эрдмийн ажлын чанар хүнээсээ хамаараад янз бүр байдаг. Би түүнийг мэднэ. Гэхдээ хэлэлцэх босго алхсан байх ёстой. Саяын хоёр ажил арай нэг болмооргүй байсан учраас шинжлэх ухааны эрх ашиг, эрдэмтэн хүний ёс зүйг бодоод асуудал тавьсан. Тэд тухайн чиглэлээр мэргэшээгүй, бүтээлгүй, судалгааны ажилд баримталсан онол арга зүй нь буруу. Сэдэв агуулга илт зөрүүтэй. Хийсэн дүгнэлт алдаатай. Диссертацид тавьдаг хэлбэрийн шаардлага хангаагүй” гэх мэт миний өгсөн ярилцлагыг иш татаад ярьж байна. Тэр үед би хоёр докторантыг хойшлуулсан нь үнэн. Нэг нь одоо ч хамгаалаагүй. Я.Төмөрбаатарын тухайд миний шүүмжийг хүлээн авч ажлаа сайжруулж, нэлээн сайн диссертаци бичиж хамгаалсныг би мэднэ. Түүнээс өөр хүн өширхөөд байхыг үгүйсгэхгүй. Харин Төмөрбаатар надаас зөвлөгөө авч ажлаа их сайжруулсан. Эрдэмтэн хүн академик шүүмжид ингэж хандаж байх ёстойн жишээ болгож би олон хүнд энэ тохиолдлыг ярьдаг. Хуулалтын тухайд түүнд хамаагүй. Харин нэр томьёогоо буруу хэрэглэсэн, диссертацийн төвшин доогуур, судлах ёстой асуудал бүрэн судлаагүй, хольж хутгасныг би тухайн сэдвээ ойлгоогүй гэж шүүмжилсэн шиг санана. Иймэрхүү шүүмж яриа мэтгэлцээн эрдмийн зөвлөл дээр дандаа явдаг.
Үндэсний шуудан сонин